Дулаан зогсоол "аминд орох цагаар": Байршлаас хамаарч 0.6-1.0 хувийн татвар төлнө
Таны гар утсанд автомашины дулаан зогсоолын албан татвараа төлөхийг сануулсан зурвас ирсэн үү? Улаанбаатарын 204 хороог байршлаар нь таван бүсчлэлд хувааж, үл хөдлөх хөрөнгийн татварыг 1.0, 0.8 болон 0.6 хувийн гурван түвшнөөр ногдуулж байна. Ижил үнэлгээтэй дулаан зогсоол эзэмшдэг иргэдийн төлөх татвар тухайн хөрөнгө аль хороонд бүртгэлтэйгээс шалтгаалан ялгаатай байна.

Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж буй энэ үед машины дулаан зогсоолтой иргэдийн даснаас үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөх мөнгө "урсаж" эхэллээ. Энэ төрлийн татварын хувь хэмжээг тухайн зогсоолын байршлаас хамааруулан 0.6-аас 1.0 хувийн хооронд тогтоожээ. Ижил үнэлгээтэй, ижил зориулалтын дулаан зогсоол эзэмшдэг иргэдийн төлөх татвар зөвхөн байршлын бүсчлэлээс шалтгаалан ялгаатай байх юм.
Таван бүс, гурван хувь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 123 дугаар тогтоолоор нийслэлийн 204 хороог I-ээс V гэсэн таван бүсэд ангилсан. Эдгээр таван бүсэд 1.0, 0.8, 0.6 хувийн гурван шатлалтай татвар ногдуулдаг. Өөрөөр хэлбэл, 204 хороог гурван бүсэд бус, таван бүсэд ангилсан боловч татварын хувь хэмжээ нь гурван түвшинтэйгөөрөө ялгаатай Хотын төвийн I бүсэд хамаарах Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд дулаан зогсоолын татварыг 1.0 хувиар ногдуулна. Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо II бүсэд багтдаг тул 0.8 хувийн татвартай. Налайх дүүргийн нэгдүгээр хороо V бүсэд хамаарч, 0.6 хувийн татвар төлнө.
Татварын мөнгөн дүнг зөвхөн хувиар бус, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд тусгасан үнэлгээгээр тооцдог. Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдох үнэлгээг улсын бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тодорхойлохоор хуульчилжээ.
Жишээлбэл, татвар ногдох үнэлгээ нь 100 сая төгрөгөөр ижил гурван зогсоол байлаа гэж үзвэл Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд жилийн татвар нэг сая төгрөг, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд 800 мянга, Налайх дүүргийн нэгдүгээр хороонд 600 мянган төгрөг болох юм.
Хуулиар иргэн, гадаадын иргэн болон харьяалалгүй хүн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараа жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор нэг удаа төлөх үүрэгтэй. Татварыг тухайн жилийн нэгдүгээр сарын 15-ны байдлаарх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд үндэслэн тооцдог байна.
2022 онд танилцуулсан судалгаагаар Улаанбаатарын төвийн зургаан дүүргийн 178 га талбайд 62,057 автомашины зогсоол байгааг тэмдэглжээ. Үүнээс 31,623 нь нийтийн зориулалттай, 15,380 нь орон сууцны дундын эзэмшлийн талбайд, 7,277 нь хязгаарлагдмал буюу зөвхөн өөрийн хэрэгцээнд, 7,777 нь худалдааны зориулалтаар ашиглагддаг гэжээ. Гэвч 15,380 орон сууцны зогсоолын хэд нь газар доорх дулаан зогсоол болохыг судалгаанд тусад нь ангилаагүй байна
Хүйтэнд "бээрсэн" машин юу алддаг вэ? Задгай талбайд тавьдаг дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины аккумуляторын химийн урвал хүйтэнд удааширч, хөдөлгүүр асаах чадвар нь “харьдаг”. Хөдөлгүүрийн тос болон дамжуулах системийн шингэн өтгөрдөг байна. Машиныг халаахад илүү их хугацаа, түлш шаардагдана. Хүйтэнд хайбрид автомашины түлшний хэмнэлт ойролцоогоор 30 хувь, бүрэн цахилгаан автомашины эрчим хүчний үр ашиг болон туулах зай бараг 40 хувиар буурч болохыг туршилтаар харуулжээ.
Дулаан зогсоол юу өөрчилдөг вэ? Дулаан зогсоолд байсан автомашины аккумулятор, хөдөлгүүрийн тос, хөргөлтийн шингэн болон салон задгай газар тавьсан автомашиныхаас илүү эрчтэйгээр хөдөлгөөнөө эхлүүлнэ. Ингэснээр машинаа халаах гэж шатахуунаа дэмий үрэхгүй байх наад захын ач холбогдолтой. Цахилгаан автомашины хувьд дулаан, битүү орчин батарей хэт хөрөхөөс хамгаална. Автомашиныг цэнэглэгчид холбосон үед батарей болон салоныг урьдчилан халаавал замд гараад халаалтад зарцуулах эрчим хүчийг бууруулж, туулах зайг хадгалахад дэмжлэг болдог.
Ийнхүү дулаан зогсоол нь Улаанбаатарын өвөл зөвхөн үл хөдлөх хөрөнгийн нэмэлт талбай бус, автомашины найдвартай асаалт, түлш болон эрчим хүчний зарцуулалт, өдөр тутмын ашиглалтын хугацаатай холбоотой хөрөнгө болж байна. Харин татварын хувьд зогсоолын техникийн нөхцөлөөс гадна бүртгэлийн үнэлгээ, нийслэлийн бүсчлэл нь төлөх дүнг тодорхойлж байна.
Холбоотой мэдээ

Үйлдвэрчний эвлэлийн гудамжны баруун урсгалыг засварлаж байна
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Үйлдвэрчний эвлэлийн гудамжны баруун урсгалыг есдүгээр сарын 21-ний өглөө түр хаасан. “Сүү” ХК-ийн урд хэсгээс Геологийн төв лаборатори хүртэл замыг хааж, цэвэрлэгээ болон суурь асфальт бетон хучиж байна. Хөдөлгөөнийг 23:00 цагт нээхээр төлөвлөсөн тул жолооч нарыг тухайн хэсгийг тойрон, өөр чиглэлээр зорчихыг зөвлөжээ.

Яармагаас эхлэн “Торлог замын сүлжээ” байгуулна
Нийслэл ирэх онд авто замын ачааллыг олон чиглэлд хуваарилах “Торлог замын сүлжээ”-г Яармагт эхний ээлжид байгуулж, туршихаар төлөвлөжээ. Төслийн хүрээнд Шархад, Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг холбож, мухар замгүй, хоорондоо сүлжсэн гудамж зам бий болгохоор зорьж байна. Улаанбаатарт ойрын хоёр жилийн хугацаанд нийт 150.8 километр авто зам шинээр барих шаардлагатай гэж нийслэлийн удирдлага тооцоолжээ.

Энэ өвөл цахилгаан тасрах уу: Өвөлжилтийн бэлтгэл 79 хувьтай, оргил ачааллын 350 МВт-ыг импортоор нөхнө
Ирэх өвөл Монгол Улсын эрчим хүчний оргил ачаалал 1,956 МВт хүрэх төлөвтэй байгаа бол дотоодын суурилагдсан хүчин чадал 1,836 МВт байна. Оргил хэрэглээний үед дутагдах 350 орчим МВт цахилгааныг импортоор нөхөхөөр тооцжээ. III цахилгаан станцын ашиглалтын хугацаа нь дууссан тавдугаар турбо генераторыг зогсоож, 37 тэрбум төгрөгийн засвар хийх зардлыг улсын төсөвт тусгасан байна.

Эрчим хүчний салбарынхны дундаж цалин 4 сая төгрөг давжээ
Эрчим хүчний салбарын цалингийн санг өнгөрсөн долоодугаар сард 10 хувиар нэмэгдүүлж, нэмэгдлийг залуу мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудад түлхүү чиглүүлжээ. Салбарын дундаж цалин зургаадугаар сард 3.75 сая төгрөг байсан бол цалингийн сан нэмэгдсэнээр дөрвөн сая төгрөг давсныг салбарын сайд онцоллоо. Цаашид цалинг нийтэд нь ижил хувиар өсгөхөөс илүү ажлын ачаалал, мэргэжил болон одоогийн цалингийн түвшинд тулгуурласан тогтолцоог баримтлах аж.

Нийслэлд гурван байршилд авто болон явган замыг ашиглалтад орууллаа
Хан-Уул, Баянгол дүүрэг болон Морингийн давааны чиглэлд нийт гурван авто, явган замын засвар шинэчлэлтийн ажлыг Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авлаа. Шинээр ашиглалтад орсон замуудын урт 0.28-аас 1.5 километр бөгөөд зарим хэсэгт явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, ус зайлуулах системийг хамтад нь шийджээ. Замууд ашиглалтад орсноор тухайн бүсүүдийн зорчих нөхцөл, явган хүний аюулгүй байдал болон хөдөлгөөний зохион байгуулалт сайжрах боломж бүрдэж байна.

Нийслэлийн ИТХ ашиглалтын шаардлага хангахгүй 29 ус түгээх байр болон төлбөр хураах цэгийг бүртгэлээс хасахаар шийдвэрлэжээ
Ус түгээх 29 байрны бүртгэлийн нийт үнэ 478 сая төгрөг, үлдэх өртөг нь 232.2 сая төгрөг байгаа бол төлбөр хураах цэгийн бүртгэлийн үнэ 442.8 сая төгрөг юм. Объектуудыг акталснаар дахин төлөвлөлт болон шинээр барих төмөр замын төслүүдийн хүрээнд тухайн газруудыг чөлөөлнө. “Монголын төмөр зам” ТӨХК Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Багахангай–Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтыг төлөвлөжээ.