egov.mn
Дэд бүтэцАвтомат

Дүүжин тээврээр зорчих уу: Эхлээд кабин тус бүрд 750 кг жинтэй ачаа тээвэрлэж туршина

Яармагаас Хархорин худалдааны төв хүртэлх дүүжин замын тээврийн системийн аюулгүй, найдвартай ажиллагааг шалгах туршилтууд эхэллээ.

Хуваалцах
Дүүжин тээврээр зорчих уу: Эхлээд кабин тус бүрд 750 кг жинтэй ачаа тээвэрлэж туршина

Яармагаас Хархорин худалдааны төв хүртэлх дүүжин замын тээврийн системийг ашиглалтад оруулахын өмнөх аюулгүй ажиллагааны туршилтууд эхэлж, ган троссын ажиллагаа, хөдөлгөөний хурд, тоормос, удирдлагын систем болон аюулгүй ажиллагааны мэдрэгчүүдийг шат дараалалтай шалгана. Мөн цахилгаан тасрах, систем хэт хурд авах, олон кабин зэрэг ажиллах, гэнэтийн зогсох зэрэг хэвийн бус нөхцөлийг зориуд үүсгэж, хамгаалалт болон удирдлагын систем хэрхэн ажиллахыг турших аж.

96 кабиныг тус бүрд 750 кг ачаа ачаална

Туршилтын эхний шатанд таван кабин суурилуулж, системийн ажиллагааг шалгаж байна. Дараагийн шатанд 96 кабин тус бүрд 750 кг жинтэй ус эсвэл шуудайтай элс байршуулж, ачаалалтай үеийн механик ажиллагааг туршихаар төлөвлөжээ.

Дүүжин тээврийн үндсэн хөдөлгүүр 567 кВт хүчин чадалтай бөгөөд аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу хоёр өөр цэгээс цахилгаан тэжээл авах юм. Нэг талын цахилгаан хангамж тасарсан тохиолдолд нөгөө эх үүсвэрээр хэвийн ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой гэж төслийн зүгээс үзэж байна.

Харин нийтээр цахилгаан тасрах зэрэг онцгой нөхцөлд зорчигчдыг аюулгүй зогсоолд хүргэх зориулалттай 275 кВА хүчин чадал бүхий нөөц генератор ажиллаж, тус генератор дүүжин тээврийг бүрэн хүчин чадлаар ажиллуулах бус, кабинд байгаа зорчигчдыг аюулгүй буулгах хүртэл системийг хөдөлгөх зориулалттай аж.

“Bureau Veritas” хөндлөнгийн аудит хийнэ

Дүүжин замаар зорчигч тээвэрлэж эхлэхээс өмнө Францын инженерчлэл, техникийн хяналтын “Bureau Veritas” групп хөндлөнгийн аудит хийхээр болжээ.

Аудитаар төслийн зураг төсөл батлагдсан зураг болон холбогдох стандартад нийцсэн эсэх, ашигласан материал, барилга угсралтын гүйцэтгэлийн чанар, инженерийн системийн аюулгүй байдал болон ашиглалтын үеийн эрсдэлийг шалгана.

1828 онд байгуулагдсан “Bureau Veritas” нь зураг төсөл, барилгын хяналт, эрсдэлийн үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, олон улсын 5,000 гаруй барилгын төсөлд оролцож, 10 мянга гаруй барилгад хяналт хийсэн туршлагатай компани аж.

“Bureau Veritas”-ийн үнэлгээ дуусч, Улсын комисс төслийг хүлээн авсны дараа дүүжин замын хөдөлгөөнийг нээж, зорчигч тээвэрлэж эхлэхээр төлөвлөжээ.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Гермесийн урд нүхэн гарцын ажил 73 хувьд хүрч, орц гарцын маргаанаас шалтгаалсан саатал үүсэв
Дэд бүтэц

Гермесийн урд нүхэн гарцын ажил 73 хувьд хүрч, орц гарцын маргаанаас шалтгаалсан саатал үүсэв

Баянголын 4 дүгээр хороонд баригдаж буй нүхэн гарц урагшилсан ч тохиролцооны саатал гарлаа. Нийслэлийн Нэгдсэн Төслийн Удирдлагын Газар гүйцэтгэл 73 хувь, 38 метр урт 12 метр өргөн гэж мэдээлэв.

2 мин унших