Эрчим хүчний салбарынхны дундаж цалин 4 сая төгрөг давжээ
Эрчим хүчний салбарын цалингийн санг өнгөрсөн долоодугаар сард 10 хувиар нэмэгдүүлж, нэмэгдлийг залуу мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудад түлхүү чиглүүлжээ. Салбарын дундаж цалин зургаадугаар сард 3.75 сая төгрөг байсан бол цалингийн сан нэмэгдсэнээр дөрвөн сая төгрөг давсныг салбарын сайд онцоллоо. Цаашид цалинг нийтэд нь ижил хувиар өсгөхөөс илүү ажлын ачаалал, мэргэжил болон одоогийн цалингийн түвшинд тулгуурласан тогтолцоог баримтлах аж.

Эрчим хүчний салбарын ажилтнуудын дундаж цалин өнгөрсөн долоодугаар сараас дөрвөн сая төгрөг давсан талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбарын өвөлжилтийн бэлтгэлийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Түүний хэлснээр, эрчим хүчний салбарт нийт 17,800 хүн ажилладгаас 11,500 нь төрийн өмчит компанийн ажилтан байна. Төрийн өмчит компаниудын ажилтны цалин улсын төсөвт тусдаггүй бөгөөд компаниуд өөрсдийн цалингийн сангаас санхүүжүүлдэг аж.
Өнгөрсөн долоодугаар сард салбарын цалингийн санг 10 хувиар нэмэгдүүлжээ. Гэхдээ нэмэгдлийг бүх ажилтанд ижил хэмжээгээр олгоогүй бөгөөд гүйцэтгэх захирал зэрэг харьцангуй өндөр цалинтай албан тушаалтны цалинг нэмээгүй байна.
Цалингийн нэмэгдлийг ажлын ачаалал өндөртэй залуу мэргэжилтнүүд болон нэмэгдэл, урамшуулал харьцангуй бага авдаг инженер, техникийн ажилтнуудад түлхүү чиглүүлж байгаа аж.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр цалин нэмэгдэхээс өмнөх буюу өнгөрсөн зургаадугаар сард эрчим хүчний салбарын сарын дундаж цалин 3.75 сая төгрөг байжээ. Долоодугаар сарын цалингийн сангийн 10 хувийн өсөлтийн дараа дундаж цалин дөрвөн сая төгрөг давснаар тус салбар дундаж цалингийн түвшингөөр уул уурхайн салбарын дараа бичигдэх болсныг салбарын сайд онцоллоо.
Цаашид цалинг хавтгайруулан нэмэгдүүлэхээс илүү цалингийн тогтолцоо, нэмэгдэл урамшууллын бодлогыг ажлын ачаалал болон ажилтнуудын цалингийн түвшинтэй уялдуулан оновчтой болгохыг зорьж байгааг мөн дурджээ.
Холбоотой мэдээ

Энэ өвөл цахилгаан тасрах уу: Өвөлжилтийн бэлтгэл 79 хувьтай, оргил ачааллын 350 МВт-ыг импортоор нөхнө
Ирэх өвөл Монгол Улсын эрчим хүчний оргил ачаалал 1,956 МВт хүрэх төлөвтэй байгаа бол дотоодын суурилагдсан хүчин чадал 1,836 МВт байна. Оргил хэрэглээний үед дутагдах 350 орчим МВт цахилгааныг импортоор нөхөхөөр тооцжээ. III цахилгаан станцын ашиглалтын хугацаа нь дууссан тавдугаар турбо генераторыг зогсоож, 37 тэрбум төгрөгийн засвар хийх зардлыг улсын төсөвт тусгасан байна.

Нийслэлд гурван байршилд авто болон явган замыг ашиглалтад орууллаа
Хан-Уул, Баянгол дүүрэг болон Морингийн давааны чиглэлд нийт гурван авто, явган замын засвар шинэчлэлтийн ажлыг Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авлаа. Шинээр ашиглалтад орсон замуудын урт 0.28-аас 1.5 километр бөгөөд зарим хэсэгт явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, ус зайлуулах системийг хамтад нь шийджээ. Замууд ашиглалтад орсноор тухайн бүсүүдийн зорчих нөхцөл, явган хүний аюулгүй байдал болон хөдөлгөөний зохион байгуулалт сайжрах боломж бүрдэж байна.

Нийслэлийн ИТХ ашиглалтын шаардлага хангахгүй 29 ус түгээх байр болон төлбөр хураах цэгийг бүртгэлээс хасахаар шийдвэрлэжээ
Ус түгээх 29 байрны бүртгэлийн нийт үнэ 478 сая төгрөг, үлдэх өртөг нь 232.2 сая төгрөг байгаа бол төлбөр хураах цэгийн бүртгэлийн үнэ 442.8 сая төгрөг юм. Объектуудыг акталснаар дахин төлөвлөлт болон шинээр барих төмөр замын төслүүдийн хүрээнд тухайн газруудыг чөлөөлнө. “Монголын төмөр зам” ТӨХК Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Багахангай–Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтыг төлөвлөжээ.

Зуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг есдүгээр сарын 21-нээс зогсооно
“Гүнт-Жигжид-Сүхбаатарын талбай”, “Гоодой-Сүхбаатарын талбай”, “Баянбулаг-Сүхбаатарын талбай” чиглэлийн автобусуудыг хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор зогсооно. Харин “Гүнт-Жигжид-Шадивлан-7 Буудал” чиглэлийн автобус хэвийн үйлчилнэ. Дээрх гурван чиглэлд зорчдог иргэд нийтийн тээврийн өөр чиглэл болон хувийн тээврийн хэрэгслээр зорчих шаардлагатай болжээ.

Морингийн даваанд 199.3 сая ам.долларын хог шатаах үйлдвэр барих сонгон шалгаруулалтыг сунгана
Морингийн давааны 10 га талбайд хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг 2025-аас 2028 онд барихаар төлөвлөсөн ч эхний тендер шаардлага хангасан саналгүйгээр дуусчээ. Төсөл хэрэгжсэнээр өдөрт 1,500 тонн ахуйн болон үйлдвэрлэлийн хог шатааж, 35 МВт хүчин чадлаар жилд 210 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэхээр тооцсон байна. 199.3 сая ам.долларын өртөгтэй уг төсөл нь нийслэлийн хог булшлах хэмжээг бууруулж, хөрс болон гүний усны бохирдлыг багасгах зорилготой.

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын барилгыг “Хүүхдийн ордон-2” болгон шинэчилж байна
Сүхбаатар дүүрэгт байрлах нийслэлийн хуучин барилгыг хүүхдийн шинжлэх ухаан, технологийн төв болгохоор шинэчилж эхэллээ. Засвар наймдугаар сарын 4-нд эхэлж, одоогоор 70 хувьтай үргэлжилж, аравдугаар сард нээхээр төлөвлөжээ. Соёлын өвийн хамгаалалтын шаардлага баримталснаар дотоод зохион байгуулалт хязгаарлагдах ч хүүхдийн хөтөлбөрүүд нэмэгдэх хүлээлттэй байна.