egov.mn
БоловсролАвтомат

Хичээлээ “сайн хийлээ” гээд баттай амжилтад хүрэх үү? Хятадын залуус суралцахаас халширч байна

Хятад улс сурагчдын хэт их гэрийн даалгавар, нэмэлт сургалтын ачааллыг бууруулах бодлого хэрэгжүүлээд таван жил болж байгаа ч 2022 оноос хойш хичээлийн ачаалал дахин нэмэгдэх хандлага ажиглагджээ.

Хуваалцах
Хичээлээ “сайн хийлээ” гээд баттай амжилтад хүрэх үү? Хятадын залуус суралцахаас халширч байна

БНХАУ-ын Тяньжин хотын гуравдугаар ангийн нэгэн сурагч есдүгээр сарын эхний өдөр гэрийн даалгавраа хийж байхдаа уйлан, том болоод “баячуудын төлөө ажилладаг хүн” болох юм биш үү хэмээн ээжээсээ асуусан бичлэг Хятадын нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татав. Ээж нь сайн сурвал сайн ажилтай болно хэмээн тайвшруулахад хүү үүнийг бодит байдал бус “төсөөлөл” гэж хариулсан бөгөөд зарим хэрэглэгч түүнийг “хэтэрхий эрт ухаарчээ” хэмээн хошигложээ.

Хятадын суралцагчид суралцахаас халширсан уу? Нэг сурагчийн сэтгэл хөдлөлийг Хятадын хүүхэд, залуусын нийтлэг байр суурь гэж үзэх боломжгүй ч "academic burnout" буюу суралцахаас халшрах нь тус улсын сурагч, оюутнуудын дунд судлаачдын анхаарал татсан асуудал болоод байна. Удаан үргэлжилсэн хичээлийн ачаалал, академик стрессийн улмаас суралцах хүсэл сонирхол буурах, сэтгэл санааны хувьд туйлдах, өөрийн сурлагын чадварт эргэлзэх байдлыг академик халшрал гэж тодорхойлдог. Тухайлбал, “BMC Medical Education”-д нийтлэгдсэн, Хятадын 22,983 их сургуулийн оюутныг хамруулсан судалгаагаар 13,753 буюу 59.9 хувь нь академик халшралтай гэж хэмжигджээ. Судалгаагаар дээд курсын оюутнуудын халшрал доод курсынхаас өндөр байсан нь суралцах хугацаа уртсахын хэрээр академик ачааллын нөлөө хуримтлагдаж болохыг харуулсан байна. Харин энэ онд “Acta Psychologica”-д нийтлэгдсэн илүү шинэ судалгаанд Нинбо, Жэнжөү зэрэг Хятадын таван хотын дунд болон ахлах сургуулийн сурагчдад 5,441 асуумж тараан, академик халшралд нөлөөлж буй хүчин зүйлсийг шинжилжээ. Судалгаагаар академик стресс нь сурагчдын халшралыг тодорхойлох гол хүчин зүйлсийн нэг байсан бөгөөд сэтгэлзүйн болон гэр бүл, сургуультай холбоотой хэд хэдэн хүчин зүйл давхацсанаар халшрах эрсдэл нэмэгдэж байгааг тогтоосон байна.

Удаан яст мэлхий, хурдан туулайн уралдаан Сурагчдын ачааллын талаарх хэлэлцүүлэг 2025 оны есдүгээр сард урлагийн тайзнаа ч гарч байв. Бээжингийн “Mengqi Art Center”-ийн хүүхдүүдийн тоглосон “Яст мэлхий, туулай хоёр дахин уралдсан нь” бүжгэн жүжиг Хятадын Бүжигчдийн холбооны хүүхдийн бүжгийн арвангуравдугаар наадмын дээд шагнал хүртэж, улмаар TikTok зэрэг платформд олон улсад тархсан юм. Таван минут үргэлжлэх бүтээл уламжлалт “Яст мэлхий, туулай” үлгэрийг орчин үеийн боловсролын өрсөлдөөнтэй холбон шинэчилжээ. Тайзан дээр хүүхдүүд яст мэлхий, туулайн дүрээр тасралтгүй уралдах бөгөөд яст мэлхийн дүрээр бусдаас удаан суралцаж, өөрийгөө үеийнхэнтэйгээ харьцуулан хоцорч байна гэж мэдэрдэг хүүхдүүдийг, харин туулайн дүрээр хурдан суралцдаг ч бусдаас үргэлж түрүүлж, улам хурдан байх шаардлагатай мэт өрсөлдөөнд шахагдсан сурагчдыг дүрсэлжээ. Бүтээлийн найруулагч Цао Лэй 2025 оны есдүгээр сарын 28-нд “Top News”-т өгсөн ярилцлагадаа гэрлэн дохиог хурдтай орчинд хүүхдүүдэд түр зогсож, амарч, эргэн тойрноо харах боломж олгох ёстойг илэрхийлсэн бэлгэдэл хэмээн тайлбарласан байна. Цао Лэйн хэлснээр бүтээлийг долоо, найман сарын турш бэлтгэсэн бөгөөд “Яст мэлхий, туулай”-н танил үлгэрээр дамжуулан хүүхдүүдийг бусадтай тасралтгүй уралдуулахын оронд өөрийн хурдаар хөгжих боломж олгож, суралцах ачааллыг бууруулах санааг хүргэхийг зорьсон байна. Тэрбээр бүтээлээ Хятадад “дотоод өрсөлдөөн” буюу neijuan эрчимжсэн орчинд боловсролын ачааллыг бууруулах тухай эцэг, эхчүүдэд ч чиглэсэн бүтээл гэж тайлбарласан юм.

Ачааллыг бууруулах оролдлого амжилттай үр дүн өгсөнгүй Хятад улс сурагчдын хэт их ачааллыг бууруулахаар 2021 онд “Double Reduction” бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Бодлогын хүрээнд нэгээс хоёрдугаар ангийн сурагчдад бичгээр гэрийн даалгавар өгөхгүй, гурваас дөрөвдүгээр ангийн сурагчдын даалгаврыг өдөрт дунджаар 60 минутаас, дунд ангийн сурагчдынхыг 90 минутаас хэтрүүлэхгүй байхаар тогтоосон юм. Анхны үр дүн эерэг байв. “Journal of Affective Disorders”-т нийтлэгдсэн судалгаанд бодлого хэрэгжихээс өмнө 101,976, нэг жилийн дараа 91,832 бага болон дунд ангийн сурагчийг хамруулахад сэтгэл гутралын шинж тэмдэгтэй сурагчдын эзлэх хувь 12.1-ээс 9.2 хувь, түгшүүрийн шинж тэмдэгтэй сурагчдынх 8.9-өөс 6.2 хувь болж буурчээ. Судлаачид гэрийн даалгавар болон хичээлийн ачаалал багассан нь сурагчдын сэтгэцийн эрүүл мэнд сайжрахтай холбоотой байсныг онцолсон байна. Гэвч ачааллын бууралт удаан үргэлжилсэнгүй. “BMC Public Health”-д 2026 оны есдүгээр сарын 3-нд нийтлэгдсэн, Гуанжөү хотын 66 сургуулийн IV-XII ангийн сурагчдын 2019-2025 оны мэдээлэлд хийсэн судалгаагаар гэрийн даалгавар болон нэмэлт сургалтад зарцуулдаг хугацаа 2022 он хүртэл буурсан ч түүнээс хойш эргэн нэмэгджээ. Унтах хугацаа ч эхний жилүүдэд нэмэгдсэний дараа 2022 оноос буурсан бөгөөд судлаачид шалгалтад төвлөрсөн боловсролын тогтолцоо хэвээр байгаа нөхцөлд зөвхөн даалгаврын хэмжээг хязгаарлах нь урт хугацаанд хангалтгүй гэж дүгнэсэн байна.

Сургуулийн дараах өрсөлдөөн Хичээлийн ачааллын цаана хөдөлмөрийн зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэж байна. 2026 онд Хятадын их, дээд сургуулийг 12.7 сая оюутан төгсөж байгаа нь түүхэн дээд үзүүлэлт бөгөөд өмнөх оноос 480,000-аар өсчээ. Үүнтэй зэрэгцэн оюутнуудыг хасаж тооцсон 16-24 насныхны ажилгүйдлийн түвшин зургадугаар сарын 14.9 хувиас огцом өсөж, долдугаар сард 17.9 хувьд хүрээд буй. Тодорхойгүй хөдөлмөрийн зах зээл нь оюутнуудын түгшүүртэй ч холбогдож байгаа юм. “Frontiers in Psychiatry” сэтгүүлд энэ оны наймдугаар сарын 19-нд нийтлэгдсэн, Хятадын төгсөх курсын 1,045 оюутныг гурван үе шаттай хамруулсан судалгаагаар академик стресс өндөр байх тусам дараагийн үеийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх түгшүүр өндөр байжээ. Ирээдүйн тодорхойгүй байдлыг хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй байх болон ирээдүйн талаар давтан сөргөөр бодох зэрэг хүчин зүйл академик стресс, ажил эрхлэлтийн түгшүүр хоорондын нийт хамаарлын талаас илүүг тайлбарласан байна.

Уян хатан байдал нь халамжийн нэг хэлбэр үү? Тогтвортой ажлын байрны өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр хүргэлтийн ажилтан, таксины жолооч, фрилансер зэрэг “gig economy” буюу уян хатан ажлын байрыг сонгох хүний тоо нэмэгдэж байна. “China New Employment Forms Research Centre”-ийн тооцоогоор байнгын хөдөлмөрийн гэрээгүй, уян хатан хэлбэрээр ажиллагсдын тоо 2025 оны 280 саяас 2026 онд 320 саяд хүрч, Хятадын нийт ажиллах хүчний 44 орчим хувийг бүрдүүлэх төлөвтэй байна. Харин уян хатан хөдөлмөр эрхлэлт залуусын хувьд боломж уу, эсвэл тогтвортой ажлын байр олдохгүй байгаагийн илрэл үү гэсэн маргаан өрнөж байна. Тодруулбал, Бээжингийн их сургуулийн Үндэсний хөгжлийн сургуулийн дэд декан, эдийн засгийн профессор Жан Даньдань энэ оны наймдугаар сард “Let’s Talk” нэвтрүүлэгт оролцохдоо хөдөлмөрийн эдийн засгийн үүднээс “уян хатан байдал өөрөө халамжийн нэг хэлбэр” хэмээн тайлбарлаж, тогтсон ажлын цаггүй байх нь ажилтанд цаг хугацаа, эрх чөлөө олгодгийг онцолжээ. Тэрбээр мөн зарим хүн ийм ажлыг өөрийн хүсэлтээр сонгодог ч тогтвортой ажил олдохгүйн улмаас сонголтгүйгээр шилжиж буй хүмүүс байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Жан Даньданийн тайлбар Хятадын нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж, зарим хэрэглэгч хүргэлтийн ажилтнууд платформын алгоритм, урт ажлын цаг, тогтворгүй орлогын нөхцөлд ажиллаж байхад үүнийг “халамж” гэж тодорхойлох нь бодит байдлаас тасарсан хэрэг гэж үзжээ. “Global Times”-ийн ерөнхий редактор асан Ху Шижин ч түүний тайлбарыг “хүлээн зөвшөөрөх боломжгүй” хэмээн шүүмжилсэн бол “People’s Daily”-ийн тайлбарт хамгаалалтгүй “уян хатан байдал” нь бодит амьдрал дээр тогтворгүй, тодорхойгүй байдлаас ялгаагүйг онцолсон байна.

Гэрийн даалгавар хийхэд тусалж буй хиймэл оюун ажлын байранд өрсөлдөнө Үүний зэрэгцээ сурагчдын өнөөдөр хичээлдээ ашиглаж буй технологи хөдөлмөрийн зах зээлийн зарим хэсгийг аль хэдийн өөрчилж эхэлжээ . Ялангуяа залуусын ажлын гараагаа эхэлдэг анхан шатны ажлууд хиймэл оюунаар автоматжуулахад харьцангуй хялбар байгаа нь шинэ төгсөгчдөд илүү мэдрэгдэж байна. “China Economic Review”-д 2026 оны тавдугаар сард нийтлэгдсэн, Хятадын хөдөлмөрийн зах зээлийн таван арваны мэдээллийг шинжилсэн судалгаагаар ажилгүйдэл, эзэмшсэн боловсролоосоо доогуур түвшний ажил эрхлэх болон хөдөлмөрийн зах зээлээс гарах үзүүлэлтийг нийлүүлэн тооцвол их сургуулийн төгсөгчдийн талаас илүү нь хөдөлмөр эрхлэлтийн аль нэг хүндрэлтэй тулгарч байгааг тогтоожээ. Хиймэл оюун ажлын байрыг зөвхөн устгаж байгаа бус шинэ төрлийн эрэлт бий болгож байгаа ч шаардагдах ур чадвар хурдтай өөрчлөгдөж байна. Тухайлбал, хот төлөвлөлтийн магистрын зэрэгтэй Жин Шанъюй “New York Times”-т есдүгээр сарын 6-нд ярихдаа уламжлалт ажлын зар цөөрч, хиймэл оюуны ур чадвар шаардсан ажлын байр нэмэгдэж байгааг онцолжээ. Өмнө нь төслийн эхний шатанд хэд хэдэн хүн гүйцэтгэдэг байсан ажлыг одоо хиймэл оюунаар богино хугацаанд хийх боломжтой болсон нь шинэ төгсөгчдийн ажлын гараагаа эхлэх боломжийг хумих эрсдэлтэй байна. Үүний нэг жишээ нь Хятадын богино драмын жүжигчин, 30 настай Шү Пэн юм. Тэрбээр 2025 онд өдөрт 15-16 цагийн зураг авалттай ажиллаж байсан ч хиймэл оюунаар бүтээсэн контент эрчимтэй нэмэгдсэнээр 2026 онд дүрийн саналгүй болж, Шаньдун дахь төрөлх нутагтаа буцан өвөөгийнхөө тарьсан хүнсний ногоог зах дээр борлуулах болсон талаар “CNA” долдугаар сарын 2-нд мэдээлсэн юм.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Боловсролын зээлийн сан: Мөрдөн шалгалт эхэлснээс хойш ₮11.2 тэрбумын зээлийг эргэн төлүүлээд байна
Боловсрол

Боловсролын зээлийн сан: Мөрдөн шалгалт эхэлснээс хойш ₮11.2 тэрбумын зээлийг эргэн төлүүлээд байна

Боловсролын зээлийн сантай холбоотой гадаад зээлийн хэргүүдийг Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгаж байна. Ажлын хэсэг нийт 14 хэргийг шалгаснаас хоёрыг нь шүүхээр шийдвэрлүүлж, 10 хэрэг цагдаа болон Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш 11.2 тэрбум төгрөгийн гадаад зээлийг эргэн төлүүлсэн бол үлдсэн хэргүүдийн шийдвэрлэлт цаашдын төлөлт, хариуцлагын асуудлыг тодорхойлох юм.

1 мин унших
БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД ЭЦЭГ ЭХ, БАГШ, ХҮҮХДИЙН АЛТАН ГУРВАЛЖИН ЧУХАЛ
Боловсрол

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД ЭЦЭГ ЭХ, БАГШ, ХҮҮХДИЙН АЛТАН ГУРВАЛЖИН ЧУХАЛ

Боловсролын яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтэс, НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын бага насны хүүхдийн хөгжлийн сүлжээ хамтран бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан хөтөлбөрийг танилцуулах уулзалт, өдөрлөгийг 2026 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.

1 мин унших
"WORLDSKILLS SHANGHAI 2026" ЕРӨНХИЙ АССАМБЛЭЙ ЭХЭЛЛЭЭ
Боловсрол

"WORLDSKILLS SHANGHAI 2026" ЕРӨНХИЙ АССАМБЛЭЙ ЭХЭЛЛЭЭ

Дэлхийн ур чадварын байгууллагын гишүүн 90 гаруй орны төлөөлөл 2 жилд нэг удаа цуглаж зохион байгуулдаг энэхүү арга хэмжээнд Монгол Улсыг зорьж ирэх бөгөөд мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт чухал ач холбогдолтой.

1 мин унших
ШИНЭ ҮЕИЙН ОТОЧ, МААРАМБУУДАА БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ЭХЛЭЛ ТАВИГДЛАА
Боловсрол

ШИНЭ ҮЕИЙН ОТОЧ, МААРАМБУУДАА БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ЭХЛЭЛ ТАВИГДЛАА

Монголын уламжлалт анагаах ухааны өв, мэдлэгийг дараагийн үед өвлүүлэн уламжлуулах, орчин үеийн шинжлэх ухаан, технологи, инновацтай хослуулан хөгжүүлэх зорилгын хүрээнд АШУҮИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуульд Монгол уламжлалт анагаах ухааны сургалттай туршилтын анги нээгдэж, сургалтын үйл ажиллагаа эхэллээ.

1 мин унших