Японы JOIN сан Монголын дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулах боломжийг хэлэлцжээ
Японы төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын JOIN сан Монголын тээвэр, хот байгуулалт, дэд бүтцийн дунд болон том хэмжээний төслүүдийг санхүүжүүлэх боломжийг хэлэлцлээ.

Япон улсын тээвэр, хот байгуулалт болон дэд бүтцийн гадаад төслүүдийг дэмждэг төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын “JOIN” сан Монголд хэрэгжүүлэх боломжтой дунд болон том хэмжээний төслүүдийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын хувилбаруудыг танилцууллаа.
“JOIN” сан Японы компаниудын тээвэр, хот байгуулалт зэрэг дэд бүтцийн төслөөр гадаад зах зээлд гарах үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2014 онд байгуулагджээ. Тус байгууллагын хөрөнгө өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар 284.65 тэрбум иенд хүрсэн байна. Үүнээс Японы Засгийн газрын оруулсан хөрөнгө 278.7 тэрбум иен, Японы хувийн хэвшлийн компаниудынх 5.9 тэрбум иен аж.
“JOIN” Японы компаниудтай хамтран төсөлд хөрөнгө оруулж, хөрөнгө оруулалтын эрсдэлийг хуваалцахын зэрэгцээ Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг JICA, Олон улсын хамтын ажиллагааны банк JBIC зэрэг төрийн байгууллагуудтай уялдуулан ажилладаг байна. Мөн төслийн компанийн удирдлагад оролцох, тухайн улсын Засгийн газартай хийх хэлэлцээнд дэмжлэг үзүүлэх боломжтой.
Гэхдээ JOIN-ийн хөрөнгө оруулалт төсөл бүрд нээлттэй гэсэн үг биш. Тус байгууллага хэрэгжүүлж буй төслүүддээ Японы технологи, туршлага ашиглах боломж, хувийн хэвшлийн оролцоо, эдийн засгийн үр ашиг, байгаль орчин, нийгмийн нөлөөлөл болон хөрөнгө оруулалтаа урт хугацаанд нөхөх боломж зэрэг шалгуурыг үнэлдэг байна. Хувийн хэвшлийн түншүүд өөрсдийн хөрөнгөө төсөлд оруулах шаардлагатай бөгөөд JOIN нь Японы хөрөнгө оруулагчдын дунд хамгийн том хувьцаа эзэмшигч болохгүй гэсэн зарчимтай.
Монгол, Япон жишиг төсөл хэрэгжүүлэхээр ажиллана
Хоёр улсын дэд бүтцийн хамтын ажиллагаа зөвхөн энэ удаагийн форумаар эхэлж буй биш юм. Японы Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам Монголын Эдийн засаг, хөгжлийн яам болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамтай өнгөрсөн хоёрдугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Тус баримт бичгээр хот байгуулалт, дэд бүтцийн төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хөгжүүлэх тогтолцоо бүрдүүлэх, хоёр улсын байгууллага, компаниудын яриа хэлэлцээг өргөжүүлэхээр тохирсон юм.
Улаанбаатарын форумын үеэр “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” Монголын ТХХТ-ийн хууль эрх зүйн орчин, төсөл боловсруулах, үнэлэх, сонгон шалгаруулах үйл явц болон төлөвлөж буй төслүүдээ Японы талд танилцуулжээ. Хот байгуулалт, орон сууц, эрчим хүчний хэмнэлттэй барилгын чиглэлийн төслүүд мөн хэлэлцүүлэгт багтсан байна.
Холбоотой мэдээ


Өвөл айсуй: Баянзүрх дүүрэг халтиргаа гулгаанаас сэргийлэх давс, бодисын нөөцөө 85 хувь бүрдүүлжээ
Баянзүрх дүүргийн өвлийн бэлтгэл 90 хувьд хүрч, хот нийтийн аж ахуйн 37 байгууллага зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд ажиллаж байна.

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл үндсэндээ гүйцэж, зарим салбарт хоцрогдол үлдлээ
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл бараг дуусах шатандаа орж, эрчим хүчний хэсэг анхаарал татав. Албаны мэдээллээр нийт гүйцэтгэл 90 орчим хувь, дулааны 18.


Яармаг–Хархорин чиглэлийн дүүжин замын тээврийн системийн аюулгүй ажиллагааны туршилт эхэллээ
Яармаг–Хархорин чиглэлийн дүүжин тээврийн системийг нээхийн өмнөх аюулгүй ажиллагааны туршилт эхэлж, эрсдэл шалгаж байна.

Дүүжин тээврээр зорчих уу: Эхлээд кабин тус бүрд 750 кг жинтэй ачаа тээвэрлэж туршина
Яармагаас Хархорин худалдааны төв хүртэлх дүүжин замын тээврийн системийн аюулгүй, найдвартай ажиллагааг шалгах туршилтууд эхэллээ.