egov.mn

Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо

Хуваалцах

Энэ мэдээг программ автоматаар бэлтгэсэн.

Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШ ШАТАХУУНЫ НӨӨЦӨД ОНЦГОЙ АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО Зам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.10.19) боллоо. Уг хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдал, салбарын өвөлжилтийн бэлэн байдлыг хангаж ажиллах болон тээвэрлэлттэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж, салбарын сайдын зүгээс ЗТЯ болон газар хэлтэс, харьяа байгууллагын удирдлагуудад дараах үүрэг даалгавруудыг өглөө. БАГАХАНГАЙ ХӨШГИЙН ХӨНДИЙ, ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ БАЙЛГАНА Төмөр замын салбарт Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж, нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсантай холбогдуулан вагон нэмж тавих, байнгын ажиллагаатай байх үүргийг Төмөр замын газар болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагуудад өглөө. Төмөр замын трассын газар чөлөөлөлттэй холбоотойгоор Шувуун фабрикийн орчимд амьдарч буй дөрвөн өрхийн гурвынх нь нүүлгэн шилжүүлэлтийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд үлдсэн нэг өрхийн асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг өглөө. Мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагад өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах, нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд шаардлагатай вагон зохицуулалтыг шуурхай хийхийг үүрэг болголоо. АВТО ЗАМЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ БҮРЭН ХАНГАЖ АЖИЛЛАХЫГ АНХААРУУЛАВ Улсын болон олон улсын чанартай авто зам ашигласны төлбөрөөс төвлөрч буй орлогыг авто замын өвөлжилтийн бэлтгэл, замын арчлалт, элс, давс болон бусад шаардлагатай материалын нөөц бүрдүүлэхэд анхаарна. Өнгөрөгч амралтын өдрүүдээр цас орж эхэлсэнтэй холбогдуулан улсын болон олон улсын чанартай авто замын байнгын бэлэн байдлыг хангах зорилгоор “АЗЗА” ТӨҮГ-ууд өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангаж, замын нөхцөл байдалд шуурхай хариу арга хэмжээ авах зохион байгуулалтыг сайтар хангах, үүнтэй холбоотой төсвийг Сангийн яам руу албан бичиг явуулж ажиллахыг үүрэг болголоо. Өөрөөр хэлбэл, халтиргаа гулгаа ихээр үүсдэг эрсдэлтэй хэсэг болон гол зам, даваанд ашиглах давс, цас хайлуулах бодис, мөн түлш, шатахууны нөөцийг урьдчилан бүрдүүлж, замын нөхцөл хүндрэх үед шуурхай ашиглахад бэлэн байдлыг ханган ажиллах юм. Мөн цаг агаарын хүндрэлээс шалтгаалан зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний хэвийн, аюулгүй байдлыг хангах асуудлыг онцгойлон анхаарууллаа. НҮҮРС ТЭЭВРИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ Нүүрс тээврийн гаралт багасаж байгаатай холбогдуулан салбарын сайд өнгөрөгч баасан гарагт Гашуунсухайт-Ганцмод боомтод ажилласан. Энэ үеэрээ БНХАУ-ын талтай уулзалт хийхдээ нүүрс тээврийг нэмэгдүүлэхээр тохиролцсон. Үүний хэрэгжилтэд хяналт тавихыг Автотээврийн бодлого зохицуулалтын газарт үүрэг болгов. Мөн дэлхий дахинд болон бүс нутагт газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт хүндрэх эрсдэлтэй байгаатай холбогдуулан байгууллага тус бүр түлш, шатахууны нөөцөө урьдчилан бүрдүүлж, газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч ажиллахыг санууллаа. Ялангуяа иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоо байгаа түлш, шатахууны нөөц холбогдох тооцоо судалгааг хийж, үндсэн үйл ажиллагаа болон бүтээн байгуулалтын ажлуудад тасалдал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллахыг үүрэг болгов. Иргэний нисэхийн салбарын хувьд Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв буюу “Цэнхэр барилга”-ын ажлын явцыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг дахин санууллаа. Мөн барилгын дээвэр хөлдөх, хавар гэсэх үед тоног төхөөрөмжийн аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг даалгав. Түүнчлэн Зам, тээврийн яам болон харьяа байгууллагын удирдлагуудад гадаад томилолт болон төсөвт заагаагүй аливаа зардлыг бууруулж, бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж ажиллахыг үүрэг болголоо.

Хуваалцах

Холбоотой мэдээ

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН 760 ДАМ НУРУУ УГСАРЧ, ДУУСЛАА
Дэд бүтэц

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН 760 ДАМ НУРУУ УГСАРЧ, ДУУСЛАА

2 мин уншихАвтомат
Энгельсийн гудамжны засварыг дуусгаж, хөдөлгөөнийг бүрэн нээлээ
Дэд бүтэц

Энгельсийн гудамжны засварыг дуусгаж, хөдөлгөөнийг бүрэн нээлээ

2 мин уншихАвтомат