ТӨРИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМД 444 БАЙГУУЛЛАГЫН 23,482 АЛБАН ХААГЧ БҮРТГЭГДЖЭЭ
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА) хамтран хэрэгжүүлсэн “Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын…

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА) хамтран хэрэгжүүлсэн “Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг өнөөдөр дүгнэлээ. Төслийн хүрээнд төрийн албаны хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, гүйцэтгэлийн удирдлагыг боловсронгуй болгох, цахим систем нэвтрүүлэх чиглэлээр тодорхой үр дүнд хүрээд байна.
2023 оны дөрөвдүгээр сарын 4-нд эхэлсэн, гурван сая ам.долларын санхүүжилттэй уг төсөл хүний нөөц, гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, удирдах албан хаагчдын ур чадварыг хөгжүүлэх, сургалтын материал боловсруулах, нэгдсэн цахим систем нэвтрүүлэх гэсэн дөрвөн үндсэн чиглэлд хэрэгжсэн бөгөөд энэхугацаанд хийсэн ажлаа талууд дүгнэлээ.
Төслийн хүрээнд 30 удирдах, 45 гүйцэтгэх албан хаагчийг БНСУ-д мэргэшүүлэх сургалтад хамруулж, Монгол Улсад зургаан удаагийн танхимын болон цахим сургалт зохион байгуулан 700 гаруй төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлжээ. Мөн Удирдлагын академийн 19 багш БНСУ-ын зөвлөх профессор, мэргэжилтнүүдтэй хамтран төрийн албан хаагчдад зориулсан 12 гарын авлага боловсруулсан байна.
Түүнчлэн БНСУ-ын NexIN болон Монгол Улсын NSP компанитай хамтран төрийн байгууллага, албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөлт, тайлагналт, үнэлгээний үйл явцыг цахимжуулсан нэгдсэн системийг хөгжүүлж, нэвтрүүлжээ. 2026 оны аравдугаар сарын байдлаар уг системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгдсэн байна.
Цаашид цахим системийн хэрэглээг төрийн байгууллагуудад жигдрүүлэх, сургагч багш болон хүний нөөцийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, БНСУ-ын Хүний нөөцийн яамтай хамтран сургалт, хөгжлийн ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.
Төслийн үр дүн нь төрийн албаны хүний нөөцийн бодлого, гүйцэтгэлийн удирдлагыг боловсронгуй болгож, төрийн байгууллагын бүтээмж, үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Get the latest news delivered to your inbox.
Related articles





