АНУ, Энэтхэгийн худалдааны хэлэлцээр ойрын хугацаанд ч гацсаар байх төлөвтэй
АНУ Энэтхэгийн худалдааны хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэх төлөвгүй байгааг тус улсын худалдааны төлөөлөгч Жеймисон Грир мэдэгдлээ.

АНУ Энэтхэгийн удаан хүлээлгэсэн худалдааны хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэх төлөвгүй гэдгийг худалдааны төлөөлөгч Жеймисон Грир пүрэв гарагт мэдэгдлээ. Талууд санал зөрж буй гол асуудлуудаа тодорхойлсон ч эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.
“Ойрын хугацаанд ямар нэгэн тохиролцоо хүлээхгүй” гэж Грир Энэтхэгийн ANI агентлагийн асуултад хариулах үеэрээ хэлээд, саад болж буй асуудлуудын хүрээг талууд тодорхойлсон гэж тайлбарлав.
Гририйн мэдэгдлээс нэг өдрийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар утсаар ярьжээ. Моди энэ яриаг үр дүнтэй болсныг онцлоод хоёр удирдагч худалдаа, батлан хамгаалах, эрчим хүч, чухал технологийн хамтын ажиллагаа болон дэлхийн энх тайван, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцсэн гэж мэдэгдэв.
Грир мөн худалдааны хэлэлцээ болон Милуокид болох “Их 20”-ийн Худалдааны сайд нарын уулзалтад оролцохоор АНУ-д ажиллаж буй Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрийн сайд Пиюш Гоялтай уулзжээ.
Гоял хэлэлцээг харьцангуй өөдрөгөөр үнэлж, АНУ-Энэтхэгийн хоёр талт худалдааны гэрээний хүрээнд “харилцан ашигтай завсрын тохиролцоог эрт эцэслэх” талаар ярилцсанаа мэдэгдсэн байна.
Стэнфордын их сургуулийн “Hoover Institution”-ийн судлаач Ронак Д.Десай “Гоял шийдэгдсэн асуудлуудыг тооцож байгаа бол Грир шийдэгдээгүй асуудлуудыг тоолж байна” хэмээн тайлбарлажээ. Худалдааны хэлэлцээрийн хамгийн сүүлд үлддэг асуудлууд тохиролцоход хүндрэлтэй байдаг гэж тэрбээр нэмж хэлжээ.
Оросын газрын тосны нийлүүлэлт маргааны төвд байна
Вашингтоны хувьд Энэтхэг-Оросын газрын тосыг үргэлжлүүлэн худалдан авч байгаа нь худалдааны харилцааны гол зөрүүний нэг хэвээр байна. Харин Шинэ Дели улс төрийн өндөр ач холбогдолтой хөдөө аж ахуйн салбараа хамгаалахын зэрэгцээ АНУ-ын зах зээлд Энэтхэгийн экспортыг бусад орныхоос өрсөлдөх чадвартай байлгах хөнгөлөлттэй тариф авахыг зорьж байгаа аж.
Ираны дайн Энэтхэгийн эрчим хүчний аюулгүй байдалд эрсдэл учруулж, Оросын газрын тосны нийлүүлэлтэд илүү түшиглэхэд хүргэж байгаа бол АНУ-ын засаг захиргаа Энэтхэгийн худалдан авалт Москвагийн Украин дахь дайныг санхүүжүүлэхэд хувь нэмэр оруулж байна гэж үздэг.
Хоёр улсын харилцаа жил гаруйн хугацаанд таагүй байгаа бөгөөд Энэтхэг-Оросын газрын тосны импортоо үргэлжлүүлбэл Вашингтон 100 хүртэлх хувийн тариф ногдуулах шинэ эрсдэлтэй тулгарч байна.
Ийм алхам нь Энэтхэг АНУ-аас экспортын бараандаа хөнгөлөлттэй тариф авахаар зорьж буй худалдааны хэлэлцээг тасалдуулах эрсдэлтэй.
Энэтхэгийн барааны тариф 50-аас 10 хувь хүртэл буурчээ
АНУ 2025 оны наймдугаар сард Энэтхэг-Оросын газрын тос худалдан авч байгаатай холбогдуулан 25 хувийн шийтгэлийн тариф нэмж ногдуулсан байна. Ингэснээр Энэтхэгээс АНУ-д нийлүүлэх бараанд ногдох нийт тариф тухайн үед 50 хувьд хүрсэн юм.
Өнгөрсөн хоёрдугаар сард тарифыг 18 хувь болгон бууруулах үед Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэг Оросоос газрын тос худалдан авахаа зогсоож, оронд нь АНУ болон Венесуэлээс илүү их газрын тос авахаар тохиролцсон гэж мэдэгдэж байв.
Гэвч Шинэ Дели Трампын мэдэгдсэн эдгээр нөхцөлийг баталгаажуулаагүй нь газрын тосны худалдан авалтаа зөвхөн улсынхаа эрчим хүчний аюулгүй байдлыг хангах хэрэгцээнд тулгуурлан шийддэг гэсэн байр сууриа хадгалжээ.
Он гарсаар АНУ болон Венесуэл Энэтхэгийн эрчим хүчний импортод илүү чухал байр суурь эзлэх болсон ч Ираны дайнаас шалтгаалсан дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн хязгаарлалтын үед Шинэ Дели-Москвагийн газрын тосноос бүрэн татгалзах боломжгүй байна.
Одоогоор Энэтхэгийн АНУ-д гаргадаг экспортод 10 хувийн тариф үйлчилж байна. Уг тарифыг АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар 60 улсын албадан хөдөлмөртэй холбоотой бодлого, үйл ажиллагаанд хийсэн шалгалтаа дуусгасны дараа тогтоожээ.
Энэтхэгийн Засгийн газрын мэдээлснээр эм, ухаалаг утас зэрэг тус улсын АНУ-д нийлүүлдэг экспортын томоохон хэсэг 10 хувийн тарифын хамрах хүрээнээс гадуур үлдсэн байна.
“Teneo” стратегийн зөвлөх компанийн Өмнөд Азийн зөвлөх Арпит Чатурведи хоёр улсын өнөөгийн нөхцөл дэх худалдааны харилцан ашигтай боломж хязгаартаа ойртож байж болзошгүйг хэлжээ. Түүний үзэж буйгаар аль аль тал нь нөгөө талынхаа шаардлагыг хүлээн авах боломжгүй, санал зөрөлдөөнөө хэвээр үлдээн бусад асуудлаар гэрээг эцэслэх шатанд хүрээгүй л байна.
Холбоотой мэдээ

АНУ-Энэтхэгийн худалдааны хэлэлцээ ойрын хугацаанд тохиролцоонд хүрэхгүйг Жэймисон Грир анхааруулав
АНУ-ын худалдааны төлөөлөгч Жэймисон Грир Энэтхэгтэй хэлэлцээр ойрын үед бүтэхгүйг сануулж, хэлэлцээ удаашрах дохио өгөв Энэтхэгийн АНУ-д гаргах экспорт одоогоор 10%-ийн тарифтай, өмнө нь 50% хүртэл…

Монгол-Казахстан худалдааны эргэлтийг $500 саяд хүргэх зорилтоо эрчимжүүлнэ
Монгол-Казахстан худалдаа, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, хоёр улсын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцлоо.

АНУ-ын Худалдааны төлөөлөгч G20-гийн сайд нарт хүнсний худалдааг улс төржүүлэхгүй байхыг уриалав
АНУ-ын Худалдааны төлөөлөгч G20-гийн орнуудад хүнсний худалдааг зэвсэг болгохгүй байхыг санууллаа Жэймисон Грийр аж үйлдвэрийн илүүдэл хүчин чадлыг бууруулж, ДХБ-ын хамгийн тааламжтай улсын зарчмыг…

АНУ-ын баярын улирлын жижиглэн худалдаа $1 их наяд давах хүлээлттэй байна
“Bain & Company”-ийн тооцоогоор баярын улирлын жижиглэн борлуулалт өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар өсч, анх удаа 1 их наяд ам.доллар давахаар байна.

Азербайжан улс Монголын барааг Иран руу гаргах транзит гарц санал болгожээ
Монгол, Азербайжаны худалдааны эргэлт өнгөрсөн онд 3.8 сая ам.долларт хүрч, өсөлтөд Монголын хонь, ямааны махны экспорт голлон нөлөөлжээ.
