egov.mn
Цаг агаарАвтомат

Аравдугаар сарын цаг агаар: Салхи шуурга ихтэй байхыг анхаарууллаа

Энэ сард баруун болон зүүн аймгуудын зарим хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Хуваалцах
Аравдугаар сарын цаг агаар: Салхи шуурга ихтэй байхыг анхаарууллаа

Энэ сард ихэнх нутгаар харьцангуй дулаан байх хэдий ч температур огцом хэлбэлзэж, гэнэт хүйтрэх, нойтон цас орох, хүчтэй салхи шуурга тавих магадлалтайг цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Баруун аймгуудын нийт нутгаар сарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх бол зүүн бүсэд Хэнтийн ихэнх, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан байна. Харин говийн бүсэд Өмнөговийн ихэнх нутгаар дулаан, бусад хэсэгт олон жилийн дундажтай ойролцоо байх төлөв гарчээ.

Зарим нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ч их орно

Булган, Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн зүүн болон Төв аймгийн хойд хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй. Эхний арав хоногийн дунд болон сүүлч, удаах арав хоногийн эхэн болон дунд, сарын сүүлчээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж, салхи ширүүсч болзошгүйг анхаарууллаа.

Зүүн аймгуудаас Хэнтий, Дорнодын хойд болон Сүхбаатарын өмнөд хэсгээр хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй. Харин говийн бүсэд Өмнөговийн баруун хэсгээр дунджаас бага, Дорноговийн зүүн өмнөд хэсгээр ахиу хур тунадас орох төлөв гарчээ. Говийн аймгуудад аравдугаар сарын дундуур салхи шуурга тавьж, зарим газраар шороон шуурга шуурах эрсдэлтэй.

Баруун бүсэд сарын эхээр хойд хэсгээр нойтон цас орж, хүйтрэхээс гадна сарын дундуур болон сүүлчээр хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цас хаялах магадлалтай байна.

Тиймээс малчдыг дулаан өдрүүдээр хадлан тэжээлээ бэлтгэж, малын хашаа хороо болон өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс хангахыг холбогдох байгууллагаас зөвлөлөө.

Тариаланчдын хувьд ургац хураалтыг шуурхай дуусгаж, хураасан үр тариа, төмс, хүнсний ногоог хүйтэнд хайрагдахаас хамгаалах шаардлага гарч байна.

Мөн нойтон цас орсон үед зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх эрсдэл нэмэгдэх тул иргэд холын замд гарахын өмнө тухайн үеийн цаг агаарын урьдчилсан мэдээнд төвлөрөхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Цаг уурын байгууллагаас 10-р сард дулаарал давамгай ч гэнэтийн хүйтрэл, шуурганд бэлтгэхийг анхаарууллаа
Цаг агаар

Цаг уурын байгууллагаас 10-р сард дулаарал давамгай ч гэнэтийн хүйтрэл, шуурганд бэлтгэхийг анхаарууллаа

Цаг уурын байгууллагаас 10-р сард дулаарал ажиглагдавч огцом хүйтрэл, шуурганы эрсдэл нэмэгдэхийг мэдээллээ 2026 оны 10-р сарын урьдчилсан төлөвөөр агаарын температур ОЖД-ээс дулаан, хур тунадас…

2 мин унших
Яг одоо нийслэл хотноо цасаар шуурч байна
Цаг агаар

Яг одоо нийслэл хотноо цасаар шуурч байна

Есдүгээр сарын 29-ний үдээс хойш Улаанбаатар хотод цас орж, агаарын температур 4 хэм орчим байна. Өнөөдөр нийслэлд өдөртөө 3-4 хэм дулаан байх бол шөнөдөө хасах хэм рүү орж хүйтрэх төлөвтэй байна.

1 мин унших