egov.mn
Дэд бүтэцАвтомат

Хүннү хотын суурь дэд бүтцийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

Хөшигийн хөндийд байгуулах Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 40 гаруй хувьтай байгаа бол “Сэргэлэн” дэд станцын ажил 95 хувьд хүрчээ.

Хуваалцах
Хүннү хотын суурь дэд бүтцийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

Улаанбаатар хотоос 53 километр, Зуунмод хотоос 10 километрийн зайд орших Хөшигийн хөндийд байгуулах Хүннү хотын суурь дэд бүтцийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Одоогоор цэвэрлэх байгууламж, эрчим хүчний дэд станц, авто зам зэрэг хотын үндсэн дэд бүтцийн төслүүд хэрэгжиж буйг Нийслэлийн Нэгдсэн Төслийн Газраас мэдээллээ.

Тус газрын мэдээллээр Хүннү хотын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 40 гаруй хувьтай үргэлжилж байна. Харин “Сэргэлэн” дэд станцын ажил 95 хувь, нийт 127.4 километр авто замын зураг төсөл болон бүтээн байгуулалтын ажил 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.

Хүннү хотын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн төслийг 2025-2027 онд нийслэлийн төсвийн 29.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс 2026 онд 10 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан байна.

“Комфорт Импэкс” ХХК-ийн гүйцэтгэж буй цэвэрлэх байгууламж хоногт 3,000 шоо метр ахуйн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай. Ингэснээр 35-40 мянган хүн амын бохир усыг татан зайлуулах боломж бүрдэх бөгөөд барилгын ажлыг 2027 оны IV улиралд бүрэн дуусгахаар төлөвлөжээ.

Цэвэрлэх байгууламжаас гарах гүн цэвэршүүлсэн усны 98 хувийг хөрсөнд шингээлгүй, аюулгүй байдлын шаардлага хангасны дараа 8.8 километрийн зайд голын урсгалд нийлүүлэхээр зураг төсөлд тусгасан байна.

Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд төлөвлөжээ

Хотын эрчим хүчний суурь дэд бүтцийн нэг болох “Сэргэлэн” дэд станц нь 110/35/10 кВ-ын, 2х40 МВт хүчин чадалтай. Дэд станцыг ашиглалтад оруулснаар Хүннү хотын цахилгаан хангамжийг бүрдүүлэхийн зэрэгцээ төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр тооцжээ.

Үүнээс гадна Хүннү хотод 100 МВт-ын нарны цахилгаан үүсгүүр болон 90 МВт хүчин чадалтай, 360 МВт.ц багтаамж бүхий батарей хуримтлуурын станц байгуулахаар төлөвлөсөн байна.

Дулаан хангамжийн хувьд газрын гүний дулааны эх үүсвэр ашиглах боломжийг судалж байгаа бөгөөд эрдэмтэн, судлаачдын хийсэн судалгаагаар ийм шийдэл хэрэгжүүлэх боломжтой гэж тогтоожээ.

Хөшигийн хөндийд шинээр байгуулах хотын суурь дэд бүтцийг ийнхүү үе шаттай хөгжүүлж байгаа бөгөөд цэвэрлэх байгууламж, эрчим хүч, авто замын төслүүд нь цаашид орон сууц, үйлчилгээ болон бусад бүтээн байгуулалт өргөжих үндсэн нөхцөлийг бүрдүүлэх юм.

Хуваалцах

Холбоотой мэдээ