Нисэхийн үерийн хамгаалалтын байгууламжийг өргөтгөж, авто замын доорх хоолойг шинэчилж байна
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд Нисэхийн үерийн хамгаалалтын байгууламжийг шинэчилж байгаа учраас авто замын хөдөлгөөнийг түр хаагаад байна. Авто зам доорх хуучин хоёр хос хоолойг илүү том хэмжээтэй дөрвөн хос хоолойгоор сольж, Жаргалантын ам болон Нисэх орчмын үерийн ус зайлуулах хүчин чадлыг нэмэгдүүлж байна. “Геодези, усны барилга, байгууламжийн газар”-ын баг есдүгээр сарын 18-наас 24 цагаар ажиллаж байгаа ч өндөр хүчдэлийн шугам шилжүүлэх шаардлага ажилд нөлөөлж байна.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн үерийн хамгаалалтын байгууламжийн шинэчлэл үргэлжилж, барилга угсралтын хугацаанд тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг түр хаажээ.
Нисэхийн үерийн хамгаалалтын суваг 1970-аас 1980 онд баригдсан, авто зам доогуур суурилуулсан нэг метрийн хэмжээтэй хоёр хос хоолой өнөөгийн усны урсацыг нэвтрүүлэхэд хүрэлцэхгүй болжээ.
Одоо хуучин хоолойнуудыг 1.5х2 метрийн хэмжээтэй дөрвөн хос хоолойгоор сольж, ус нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа аж.
Мөн Жаргалантын амны ус зайлуулах 1.8 километр урттай нэг болон хоёрдугаар сувгийг Нисэхийн үерийн хамгаалалтын сувгийн эхлэлтэй холбожээ. Ингэснээр Нисэх болон Жаргалантын амнаас ирэх үерийн усыг авто замын доогуур саадгүй нэвтрүүлэх нөхцөл бүрдэх юм.
“Геодези, усны барилга, байгууламжийн газар”-ын баг есдүгээр сарын 18-наас эхлэн далан, ус зайлуулах байгууламжийн шинэчлэлийг 24 цагийн горимоор гүйцэтгэж байна.
Гэхдээ барилгын талбай орчимд өндөр хүчдэлийн шугамын кабель дайрсан тул түүнийг шилжүүлэх, зөөвөрлөх нэмэлт ажил гарсан нь бүтээн байгуулалтын хугацаанд нөлөөлж байгааг албаныхан онцоллоо.
Холбоотой мэдээ

Дулаан зогсоол "аминд орох цагаар": Байршлаас хамаарч 0.6-1.0 хувийн татвар төлнө
Таны гар утсанд автомашины дулаан зогсоолын албан татвараа төлөхийг сануулсан зурвас ирсэн үү? Улаанбаатарын 204 хороог байршлаар нь таван бүсчлэлд хувааж, үл хөдлөх хөрөнгийн татварыг 1.0, 0.8 болон 0.6 хувийн гурван түвшнөөр ногдуулж байна. Ижил үнэлгээтэй дулаан зогсоол эзэмшдэг иргэдийн төлөх татвар тухайн хөрөнгө аль хороонд бүртгэлтэйгээс шалтгаалан ялгаатай байна.

Үйлдвэрчний эвлэлийн гудамжны баруун урсгалыг засварлаж байна
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Үйлдвэрчний эвлэлийн гудамжны баруун урсгалыг есдүгээр сарын 21-ний өглөө түр хаасан. “Сүү” ХК-ийн урд хэсгээс Геологийн төв лаборатори хүртэл замыг хааж, цэвэрлэгээ болон суурь асфальт бетон хучиж байна. Хөдөлгөөнийг 23:00 цагт нээхээр төлөвлөсөн тул жолооч нарыг тухайн хэсгийг тойрон, өөр чиглэлээр зорчихыг зөвлөжээ.

Яармагаас эхлэн “Торлог замын сүлжээ” байгуулна
Нийслэл ирэх онд авто замын ачааллыг олон чиглэлд хуваарилах “Торлог замын сүлжээ”-г Яармагт эхний ээлжид байгуулж, туршихаар төлөвлөжээ. Төслийн хүрээнд Шархад, Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг холбож, мухар замгүй, хоорондоо сүлжсэн гудамж зам бий болгохоор зорьж байна. Улаанбаатарт ойрын хоёр жилийн хугацаанд нийт 150.8 километр авто зам шинээр барих шаардлагатай гэж нийслэлийн удирдлага тооцоолжээ.

Энэ өвөл цахилгаан тасрах уу: Өвөлжилтийн бэлтгэл 79 хувьтай, оргил ачааллын 350 МВт-ыг импортоор нөхнө
Ирэх өвөл Монгол Улсын эрчим хүчний оргил ачаалал 1,956 МВт хүрэх төлөвтэй байгаа бол дотоодын суурилагдсан хүчин чадал 1,836 МВт байна. Оргил хэрэглээний үед дутагдах 350 орчим МВт цахилгааныг импортоор нөхөхөөр тооцжээ. III цахилгаан станцын ашиглалтын хугацаа нь дууссан тавдугаар турбо генераторыг зогсоож, 37 тэрбум төгрөгийн засвар хийх зардлыг улсын төсөвт тусгасан байна.

Эрчим хүчний салбарынхны дундаж цалин 4 сая төгрөг давжээ
Эрчим хүчний салбарын цалингийн санг өнгөрсөн долоодугаар сард 10 хувиар нэмэгдүүлж, нэмэгдлийг залуу мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудад түлхүү чиглүүлжээ. Салбарын дундаж цалин зургаадугаар сард 3.75 сая төгрөг байсан бол цалингийн сан нэмэгдсэнээр дөрвөн сая төгрөг давсныг салбарын сайд онцоллоо. Цаашид цалинг нийтэд нь ижил хувиар өсгөхөөс илүү ажлын ачаалал, мэргэжил болон одоогийн цалингийн түвшинд тулгуурласан тогтолцоог баримтлах аж.

Нийслэлд гурван байршилд авто болон явган замыг ашиглалтад орууллаа
Хан-Уул, Баянгол дүүрэг болон Морингийн давааны чиглэлд нийт гурван авто, явган замын засвар шинэчлэлтийн ажлыг Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авлаа. Шинээр ашиглалтад орсон замуудын урт 0.28-аас 1.5 километр бөгөөд зарим хэсэгт явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, ус зайлуулах системийг хамтад нь шийджээ. Замууд ашиглалтад орсноор тухайн бүсүүдийн зорчих нөхцөл, явган хүний аюулгүй байдал болон хөдөлгөөний зохион байгуулалт сайжрах боломж бүрдэж байна.