egov.mn
Дэд бүтэцАвтомат

Нүхэн гарцууд ашиглалтад орсноор зарим замын ачаалал 17.6 хүртэл хувиар буурах тооцоо гарчээ

Хермес төвийн урд орших нүхэн гарцаар өдөрт 33 мянга гаруй, Геологийн төв лаборатори орчмын гарцаар 24.8-27.5 мянган тээврийн хэрэгсэл зорчих төлөвтэй байна.

Хуваалцах
Нүхэн гарцууд ашиглалтад орсноор зарим замын ачаалал 17.6 хүртэл хувиар буурах тооцоо гарчээ

Нийслэлд төмөр зам доогуур нүхэн гарц байгуулснаар шинэ гарцууд ашиглалтад орж, зарим гол замын ачааллыг 11-ээс 17.6 хувиар бууруулах боломжтой гэж Нийтийн тээврийн бодлогын газар тооцоолжээ.

Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарц Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Эрчим хүчний гудамжтай холбох шинэ замын холбоос бий болгоно. Ингэснээр жолооч нар богино чиглэлээр зорчих боломж бүрдэж, тухайн замын ачаалал 11 хувиар буурах тооцоо гарсан байна. Уг гарцаар өдөрт 24,775-өөс 27,500 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрнэ гэсэн тооцоо хийжээ.

Харин Хермес төвийн урд барьж буй нүхэн гарц Нарны замыг Тээвэрчдийн гудамжтай шинээр холбоно. Шинэ чиглэлээр төмөр замын хоёр талын хөдөлгөөнийг хуваарилснаар тухайн орчин дахь замын ачаалал 17.6 хувь, Нарны замын ачаалал 16.1 хувиар буурах тооцоо гарчээ. Тус гарцаар өдөрт 33 мянга гаруй тээврийн хэрэгсэл зорчих төлөвтэй байна.

Харин ашиглалтад орсон Таван шарын нүхэн гарцын орчимд автомашины дундаж хүлээлт 120-оос 38 секунд болж, 68 орчим хувиар буурчээ. Өмнө нь төмөр замын гарам хаагдах үед урт дараалал үүсдэг байсан бол одоо тус хэсгээр өдөрт 45 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчиж байна.

Нүхэн гарцууд нь нийтийн тээврийн хурд болон хөдөлгөөний тогтмол байдлыг сайжруулахын зэрэгцээ автомашины сул зогсолтыг багасгах ач холбогдолтой. Сул зогсолт буурснаар жилд 475-аас 865 сая төгрөгийн шатахуун хэмнэх боломжтой аж.

Төмөр зам доогуур нүхэн гарц байгуулах өөр нэг үндэслэл нь хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх явдал юм. Судалгаагаар 2016 онд төмөр замын гарам дээр автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн зургаан осол, 2017 онд 10 осол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ.

Мөн нийслэлийн ачаалал ихтэй төмөр замын гармуудаар галт тэрэг болон сэлгээний бүрэлдэхүүн зорчих үед авто тээврийн хөдөлгөөнийг өдөрт 2-3 цаг зогсох тохиолдол гардаг нь түгжрэлийг нэмэгдүүлдэг гэж судалгаанд дурдсан байна.

Нүхэн гарцын бүтээн байгуулалт нь зөвхөн тунель барих ажлаар хязгаарлагдахгүй. Холбоос авто зам, явган хүний болон дугуйн зам, гэрлэн дохио, замын тэмдэг тэмдэглэгээ, ус зайлуулах системийг байгуулахаас гадна дулаан, цахилгаан, цэвэр болон бохир ус, мэдээлэл холбоо, шилэн кабель зэрэг инженерийн шугам сүлжээг шилжүүлэх ажлыг цогцоор нь хамардаг.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Нийслэлд гурван нүхэн гарцын барилга үргэлжилж, түгжрэл ба төмөр замын гармын эрсдэлийг зэрэг бууруулах зорилт тавив
Дэд бүтэц

Нийслэлд гурван нүхэн гарцын барилга үргэлжилж, түгжрэл ба төмөр замын гармын эрсдэлийг зэрэг бууруулах зорилт тавив

Нийслэл хотод гурван нүхэн гарцын барилга үргэлжилж, түгжрэлийг сааруулах төлөв одоо хамгийн анхаарал татав Нийслэлийн Тээврийн Удирдах Газар мэдээлснээр Геологийн төв лаборатори орчмын холбоос 11…

2 мин унших