Өмнөд Солонгос дайны үед цэрэг армиа өөрөө удирдах хүсэлтэй буйгаа илэрхийллээ
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах үеэр дайны үеийн ажиллагааны хяналт буюу OPCON-ыг Сөүлд шилжүүлэх асуудлыг дахин хэлэлцлээ.

Өмнөд Солонгос дайны үед өөрийн зэвсэгт хүчнийг хэн удирдах вэ гэсэн 70 гаруй жилийн маргаантай асуудлыг дахин идэвхтэй хэлэлцэж буй. Тус улсын Ерөнхийлөгч И Жэ Мёны Засгийн газар дайны үеийн ажиллагааны хяналт буюу "OPCON"-ыг АНУ-аас шилжүүлэн авч, БНСУ-ын генерал хоёр улсын Нэгдсэн хүчний командлалыг удирддаг тогтолцоонд шилжихийг зорьж байна.
Сөүл, Вашингтон өнгөрсөн долоо хоногт болсон батлан хамгаалахын өндөр түвшний хэлэлцээгээр OPCON шилжүүлэх бэлтгэлийг хурдасгах чиглэлд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээр тохиролцсон. И Жэ Мёны засаг захиргаа уг үйл явцыг түүний бүрэн эрх 2030 онд дуусахаас өмнө хэрэгжүүлэх зорилготой.
OPCON гэж юу вэ?
БНСУ энхийн үед өөрийн зэвсэгт хүчний ажиллагааг удирддаг. Харин Солонгосын хойгт дайн дахин эхэлсэн тохиолдолд урьдчилан тогтоосон БНСУ-ын цэргийн нэгжүүд БНСУ-АНУ-ын Нэгдсэн хүчний командлалын (CFC) удирдлагад шилжинэ.
Тус командлалыг одоогоор АНУ-ын дөрвөн одтой генерал удирдаж, БНСУ-ын генерал орлогчоор ажилладаг. OPCON нь командлагчид хариуцсан хүчээ зохион байгуулах, байршуулах, үүрэг өгөх, ажиллагааг удирдах эрх олгодог.
Гэхдээ уг бүтэц нь АНУ БНСУ-ын армийг дангаар хянадаг гэсэн үг биш. Нэгдсэн хүчний командлал хоёр улсын улс төр, цэргийн удирдлагын хамтарсан чиглэлийн дагуу ажилладаг. Харин одоогийн тогтолцоогоор Сөүл CFC-д харьяалагдсан БНСУ-ын нэгжүүдийн дайны үеийн ажиллагааг дангаараа удирдах боломжгүй.
Төлөвлөсөн шилжилт хэрэгжвэл БНСУ-ын генерал Нэгдсэн хүчний командлалыг тэргүүлж, АНУ-ын генерал орлогчоор ажиллах бүтэц рүү шилжинэ.
1950 оноос эхэлсэн тогтолцоо
Өнөөгийн зохицуулалтын үндэс Солонгосын дайны эхэн үед тавигдсан. 1950 оны долоодугаар сард тухайн үеийн БНСУ-ын Ерөнхийлөгч И Сын Ман Өмнөд Солонгосын цэргийн командлах эрхийг АНУ тэргүүтэй НҮБ-ын командлалд шилжүүлжээ.
1978 онд ажиллагааны хяналтыг шинээр байгуулагдсан БНСУ-АНУ-ын Нэгдсэн хүчний командлал хүлээн авсан бол Сөүл 1994 онд энхийн үеийн ажиллагааны хяналтаа эргүүлэн авчээ. Дайны үеийн OPCON харин CFC-д хэвээр үлдсэн.
Хоёр улс 2007 онд дайны үеийн хяналтыг 2012 он гэхэд шилжүүлэхээр анх тохиролцсон ч хугацааг хэд хэдэн удаа хойшлуулсан. Улмаар 2014 онд тодорхой он, сар тогтоохын оронд БНСУ шаардлагатай цэргийн чадавх болон аюулгүй байдлын нөхцөлийг хангасны дараа шилжүүлэх зарчимд шилжжээ.
Сөүл шилжилтийг хурдасгахыг зорьж байна
И Жэ Мёны засаг захиргааны байр суурийг шинэ Батлан хамгаалахын сайд Кан Шин Чоль дэмжиж буй. Тэрбээр есдүгээр сарын 22-нд үүрэгт ажлаа хүлээн авахдаа БНСУ-ын командлагчид тэргүүлж, АНУ-ын арми дэмжлэг үзүүлэх бүтэц нь хоёр улсын хамтарсан хамгаалалтыг бэхжүүлнэ гэж мэдэгдсэн.
Эрх баригч Ардчилсан нам мөн OPCON шилжилтийг судлах тусгай ажлын хэсэг байгуулжээ. Намын дарга Ким Мин Сок БНСУ-ын батлан хамгаалах чадавх нэмэгдэж, АНУ-тай байгуулсан эвслийн хүрээнд Сөүлийн үүрэг өргөжсөн гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Гэхдээ шилжилт хийхэд шаардлагатай нөхцөл, чадавх бүрдсэн эсэхийг нягтлах нь гол асуудал гэдгийг тэрбээр онцлов.
Одоогоор хоёр улс шилжилтийн гурван үе шаттай үнэлгээний хоёр дахь шатанд байгаа бөгөөд ирээдүйн Нэгдсэн хүчний командлалын бүрэн ажиллагааны чадавхыг баталгаажуулах үнэлгээг дуусгах нь дараагийн чухал алхам болж байна.
Гэхдээ шилжилтийн хугацаанаас илүү БНСУ өөрөө командлалыг үр дүнтэй удирдах чадавхтай эсэх, Умард Солонгосын цөмийн болон пуужингийн аюулын эсрэг хангалттай хамгаалалттай эсэх нь гол шалгуур хэвээр байна. Иймээс Сөүлийн хувьд OPCON-ыг шилжүүлэн авах нь зөвхөн командлагчийн харьяаллыг өөрчлөх бус, БНСУ-АНУ-ын хамтарсан хүчний ажиллагааны бэлэн байдлыг хадгалангаа удирдлагын бүтцийг шинэчлэх асуудал болж байна.
Холбоотой мэдээ

Ши Жиньпин Атлантагийн амьтны хүрээлэнд Пин Пин, Фү Шуан нэртэй хоёр аварга панда бэлэглэхээ мэдэгдлээ
БНХАУ-ын Төрийн тэргүүн Ши Жиньпин Атлантагийн амьтны хүрээлэнд Пин Пин, Фү Шуан нэртэй хоёр аварга панда илгээхээ Вашингтонд хийж буй төрийн айлчлалынхаа үеэр мэдэгдлээ.

Саудын Арабын дээд шашны тэргүүн Иранд түшиглэсэн Хуситуудын эсрэг тулалдахад цэргүүдийг амь хайрлалгүй бэлэн байхыг уриалав
Саудын Арабын дээд шашны тэргүүн Хуситуудыг эрх мэдлээс зайлуулахын тулд цэргүүдийг амь хайрлалгүй бэлтгэхийг уриалав.

Пакистаны агаарын цохилт Афганистанд энгийн иргэдийн аминд хүрч, түншүүдийн хурцадмал байдал дахин сэдрэв
Пакистаны агаарын цохилтоор Афганистанд энгийн иргэд амиа алдсанаар хоёр талын хурцадмал байдал дахин сэдрэв.

Суданы умард Кордофан дахь Засгийн газрын хяналттай хотууд руу RSF дроноор цохилтоо эрчимжүүлжээ
Суданы Умард Кордофан мужийн фронтын хотуудад RSF-ийн дроны цохилт ширүүсч, иргэдийн айдас нэмэгдлээ. Есдүгээр сарын 8-нд Ум Руваба дахь шүүх танхимд дрон тусч 10 хүн амиа алдаж, олон хүн шархаджээ.

Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Эсмаил Багаи Канадын Ерөнхий сайд Марк Карниг Трампын сүрдүүлгийг зөөлрүүлсэн гэж шүүмжиллээ
Ираны тал Канадын Ерөнхий сайд Марк Карни АНУ-ын сүрдүүлгийг өмгөөлсөн гэж буруутган, хурцадмал байдал нэмэгдлээ Карни НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр Трампын үгийг 'дайны хэл' гэж тайлбарласан гэж…

АНУ тусламжаа танасны дараа НҮБ хүнсний санхүүжилтээ бусад оронд "тохох" шаардлага үүсэв
НҮБ-ын ХХААБ-ын сайн дурын санхүүжилт 2025 онд 1.624 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос найман хувиар буурчээ.