Өмнөд Солонгост GS Group-ийн 2.4 гигаваттын хиймэл оюуны дата төвийн шав тавилаа
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён Канвон мужийн Тонхэ хотод GS Group-ийн барих 2.4 гигаваттын хүчин чадалтай хиймэл оюуны дата төвийн шав тавих ёслолд оролцож, Солонгосыг дэлхийн хиймэл оюуны өрсөлдөөнд тэргүүлэгч орон болгоход засгийн газар бүх боломжоо дайчилна гэж мэдэгдэв.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён 11-р сарын 28-ны бямба гарагт Канвон мужийн Тонхэ хотод GS Group-ийн хиймэл оюуны дата төвийн шав тавих ёслолд оролцлоо. Yonhap агентлагийн мэдээлснээр GS Group 2.4 гигаватт (ГВт) хүчин чадалтай хиймэл оюуны дата төвийн цогцолборыг засгийн газрын 6-р сард зарласан гурван томоохон мега төслийн нэг болгон барьж байгаа бөгөөд ашиглалтад орсны дараа Азийн хамгийн том хиймэл оюуны дэд бүтцийн цогцолборуудын нэг болох төлөвтэй.
“Үндэсний түвшний чимээгүй дайн”
Ерөнхийлөгч И Жэ Мён ёслолын үеэр дэлхийн хиймэл оюуны технологийн уралдааныг “үндэсний түвшний чимээгүй дайн” гэж тодорхойлжээ. “Өмнөд Солонгос дэлхийн жишгийг тогтоож, ирээдүйн замыг зурдаг тэргүүлэгч орон болж бат суурьших явдлыг хангахын тулд засгийн газар бүх чадавхаа дайчилна” гэж тэрбээр хэлсэн байна. Мөн энэхүү дата төв дэлхийн компаниудын хөрөнгө оруулалтыг эрт татахад хурдасгагч үүрэг гүйцэтгэнэ гэж онцолжээ.
Ерөнхийлөгчийн тамгын газар Чонвадэ “Энэ төсөл Канвон мужийн анхны мега төсөл бөгөөд Азийн хамгийн том хиймэл оюуны дэд бүтцийн байгууламж болно. Бүс нутгийн эдийн засгийн шинэ өсөлт, эрч хүчийг хөтлөх гол хөдөлгүүр болно” гэж мэдэгдэв.
Хоёр үе шат, 120 их наяд вон
Төсөл тус бүр 1.2 ГВт хүчин чадалтай хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд Тонхэ дахь байгууламж нь 2029 онд барьж дуусгаж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн эхний үе шатад хамаарна. GS Group-ийн мэдээлснээр график процессор (GPU) болон санах ойн чипийн зардлыг оруулаад төслийн нийт өртөг 120 их наяд вон (89.79 тэрбум ам.доллар) хүрч болзошгүй юм.
Kukmin Daily-ийн мэдээлснээр төслийн төлөвлөгөөг зарласнаас хойш таван сар орчмын дараа барилгын ажил эхэлж байгаа бөгөөд засгийн газар энэ төслийг эхлэл болгон 2030 он гэхэд Өмнөд Солонгосыг Ази, Номхон далайн бүсийн хиймэл оюуны дэд бүтцийн хамгийн том төвүүдийн нэг болгохоор зорьж байна. Ёслолд GS Group-ийн дарга Хо Тэ Сү, Шадар сайд бөгөөд Шинжлэх ухаан, мэдээлэл холбооны технологийн сайд Бэ Гён Хун, Хиймэл оюуны үндэсний стратегийн хорооны дэд дарга Ха Жон У, Канвон мужийн захирагч У Сан Хо нар оролцжээ.
Ёслолын дараа Ерөнхийлөгч LS Electric, LG Electronics зэрэг Солонгосын компаниудын дата төвд зориулсан технологи, тухайлбал LG-ийн хиймэл оюуны дата төвийн шингэн хөргөлтийн шийдэлтэй танилцсан байна. И Жэ Мён өмнө нь буюу 11-р сарын 21-нд Ульсан хот дахь SK-ийн хиймэл оюуны дата төвийн барилгын талбайд зочилж байжээ.
Эх сурвалж: Yonhap News Agency, The Kukmin Daily
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





