Орон сууцны залилангаас сэргийлэх системд 246 захиалгын гэрээ бүртгэжээ
Орон сууцны залилангаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газраас баригдаж дуусаагүй орон сууцны захиалгын гэрээний мэдээллийг цахимаар ил болгож эхэлжээ.

Орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдийг залилангаас хамгаалах зорилгоор баригдаж дуусаагүй орон сууцны захиалгын гэрээний мэдээллийг нийтэд нээлттэй болгож эхэллээ.
Хууль зүй, дотоод хэргийн яаманд арваннэгдүгээр сарын 24-нд зохион байгуулсан “Нээлттэй яам” арга хэмжээний үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хөгжүүлж буй цахим системийг танилцуулсан байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн захиалгын гэрээг бүртгэх эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй ч иргэдийг эрсдэлээс хамгаалах зорилгоор төрд байгаа мэдээллийг ил тод болгож эхэлснийг онцлов.
Захиалгын гэрээг зургаан төрлийн өгөгдлөөр шалгана
Засгийн газрын өнгөрсөн сард баталсан 406 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар цахим системийг хөгжүүлж байна.
Иргэд e-burtgel.gov.mn сайтын нээлттэй өгөгдлийн хэсэгт байрлах дуусаагүй барилгын бүртгэлээс дараах мэдээллээр хайлт хийх боломж бүрдэв.
Аймаг, нийслэл, сум, дүүрэг;
Баг, хороо;
Газрын нэгж талбарын дугаар;
Барилгын нэр;
Төсөл, хөтөлбөрийн нэр;
Аж ахуйн нэгжийн нэр.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Даваанямын мэдээлснээр одоогоор 10 байршлын 246 орон сууцны захиалгын гэрээний мэдээллийг системд бүрэн оруулсан байна.
Орон сууц болон авто зогсоолын захиалгыг шалгах боломжтой
Цахим системд барилгын газар зүйн байршил, блок, давхар болон орон сууцны захиалгын төлөвийг өнгөөр ялган харуулахаар хөгжүүлжээ.
Улаан өнгөөр захиалгын гэрээтэй, урьдчилсан тэмдэглэл бүхий орон сууцыг, ногоон өнгөөр системийн мэдээллээр захиалга хийх боломжтой орон сууцыг тэмдэглэсэн байна.
Мөн орон сууцны зоорийн давхарт байрлах авто зогсоол захиалгатай эсэхийг шалгах боломж бүрдүүлж, орон сууцны мэдээлэлд дахин давтагдахгүй QR код оноож, уг кодыг уншуулахад хаяг болон холбогдох мэдээллийг дэлгэрэнгүй харах боломжтой болгох аж.
Захиалгын гэрээг бүртгэх эрх зүйн орчин бүрдээгүй байна
Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлснээр urban.gov.mn сайтын хөгжүүлэлт хараахан дуусаагүй байна. Барилгын зөвшөөрөлгүй төсөлд орон сууц захиалсан, дахин төлөвлөлт болон барилгын компанийн санхүүгийн хүндрэлээс шалтгаалан орон сууцаа авч чадаагүй иргэд захиалгын гэрээгээ бүртгүүлэхээр хандаж байгаа аж.
Гэвч эдгээр гэрээг урьдчилан тэмдэглэх эрх зүйн зохицуулалт бүрдээгүй тул одоогоор бүртгэх боломжгүй гэж албаныхан тайлбарлалаа.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ирээдүйд өмчлөх эрх шаардахтай холбоотой бүртгэлийн зохицуулалтыг баталснаар орон сууцны захиалгын гэрээг урьдчилан тэмдэглэх эрх зүйн үндэс бүрдэх юм.
Цахим систем нь нэг орон сууцыг олон иргэнд давхар захиалах эрсдэлийг бууруулах, худалдан авагчдыг мэдээллээр хангахад чиглэж байна.
Гэхдээ системд орон сууцны мэдээлэл бүртгэгдсэн нь тухайн барилгын өмчлөх эрх, барилгын ажлын гүйцэтгэл болон захиалгын гэрээний биелэлтийг бүрэн баталгаажуулсан хэрэг биш юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





