Францын эдийн засаг сонгуулийн өмнөх тодорхойгүй байдалд саарч, хямралын шинэ дохио өглөө
Францын бизнесүүд сонгуулийн өмнө шийдвэрээ хойшлуулж, эдийн засаг шинэ хямралын дохио өгч эхэллээ Арваннэгдүгээр сард бизнесийн идэвх зургаан сарын доод түвшинд хүрч, гуравдугаар улирлын дотоодын…

S&P Global компанийн Худалдан авалтын менежерүүдийн индексээр Францын хувийн хэвшлийн бизнесийн идэвх арваннэгдүгээр сард зургаан сарын доод түвшинд хүрчээ. Судалгаанд хамрагдсан компаниуд эдийн засгийн нөхцөл, тодорхойгүй байдал, өрсөлдөөн болон зардлын дарамтыг гол сорилт гэж нэрлэсэн байна. Мөн хувийн хэвшил ирэх жилийн төлөвтөө цар тахлын эхний саруудыг эс тооцвол 2012 оны сүүлээс хойших хамгийн гутранги үнэлгээг өгчээ. Сонгуулийн өмнөх тодорхойгүй байдал бизнесүүдийг шийдвэрээ хойшлуулахад хүргэж, эдийн засгийн идэвхэд дарамт болж байна.
Францын эдийн засаг гуравдугаар улиралд 0.1 хувиар агшсан бол ажил эрхлэлт долоо дахь сардаа дараалан буурчээ. Үйлдвэрлэлийн салбар үйлчилгээний салбараас илүү сул үзүүлэлттэй байсан бөгөөд энэ нь хувийн хэвшлийн нийт идэвхэд нөлөөлсөн байна. S&P Global Market Intelligence компанийн ахлах эдийн засагч Жо Хэйс Франц улс техникийн хямралд орох эрсдэл нэмэгдсэнийг мэдээлжээ. Түүний үнэлгээгээр бизнесийн орчин дахь тодорхойгүй байдал болон зардлын дарамт компаниудын ирэх жилийн төлөвт сөргөөр нөлөөлж байна.
Гэсэн хэдий ч Францын Төв банкны ерөнхийлөгч Эммануэль Мулен эдийн засгийн уналт болохгүй гэж үзэж байгаагаа CNBC-ийн Шарлотт Ридэд ярьжээ. “Бид эдийн засгийн уналт болно гэж үзэхгүй, дөрөвдүгээр улиралд өсөлт эерэг байна гэж тооцож байна” гэж тэр хэлсэн байна. Мулен үйлдвэрлэл, батлан хамгаалах болон агаарын тээвэр зэрэг салбар тогтвортой байж, дэлхийн цочролыг даван туулж байгааг онцолжээ. Түүний хэлснээр зах зээл тодорхой хэмжээнд хэт хариу үйлдэл үзүүлж байгаа ч засгийн газар алдагдлыг бууруулахад нухацтай гэдгээ харуулах шаардлагатай байна.
Францын засгийн газар төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 5.4 хувиас 5 хувь хүртэл бууруулах төсөл боловсруулжээ. Харин Сангийн сайд Ролан Лескюр 2027 оны эдийн засгийн өсөлтийн нэг хувийн төсөөллийг бууруулах эрсдэлтэй гэж мэдэгдсэн байна. Төсвийн төлөвлөгөө батлагдвал үйлдвэрлэлийн тэсвэр болон хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх боломжтой гэж үзэж байгаа ч одоогийн нөхцөлд бизнесүүд болгоомжтой хэвээр байна. Эрчим хүчний зардал буурсан нь дарамтыг тодорхой хэмжээнд зөөлрүүлж байгаа ч энэ нь тодорхойгүй байдлыг бүрэн арилгаж чадахгүй байна.
Nexity компанийн мэдээлснээр арван жилийн хугацаатай засгийн газрын бондын өгөөж бараг 5 хувьд хүрсэн нь өрхийн зээл авах боломжийг бууруулж, борлуулалтыг 18 хувиар багасгажээ. Gecina шинэ хөрөнгө оруулалтад болгоомжтой хандахаа мэдэгдсэн бол Societe Generale Франц, Германы зээлийн зардлын зөрүү санхүүжилтийн нөхцөлд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулсан байна. Ийнхүү ажил эрхлэлт, үйлдвэрлэл болон зээлийн нөхцөл зэрэг хэд хэдэн үзүүлэлт зэрэг сулрахын зэрэгцээ төсвийн асуудал анхаарлын төвд үлдэж байна. Харин эрчим хүчний зардлын бууралт, үйлдвэрлэлийн зарим салбарын тогтвортой байдал болон төсөв батлагдах эсэх нь ойрын төлөвийг тодорхойлох гол хүчин зүйл болох төлөвтэй байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





