Төсвийн мөнгийг мөшгихүй: 100 мянган иргэний гарын үсэг цуглуулж эхэллээ
Н.Амаржин улсын төсвийн урсгал зардал, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг зориулалт, тоо хэмжээ, нэгж өртөг, нийт үнийн дүнгээр нь ил тод болгох нийтийн өргөдөл санаачилжээ. УИХ-ын гишүүн С.

Монгол Улсын төсөвт жил бүр хэдэн их наяд төгрөгийн зарлага тусгадаг ч татвар төлөгчид тухайн хөрөнгөөр яг ямар бараа хэдэн ширхэгийг, ямар нэгж үнээр худалдан авахаар төлөвлөсөн зэрэг зардлыг бүрэн хэмжээнд харах боломж бүрдүүлэх асуудлыг нийтийн өргөдлөөр дахин хөндөх гарцыг хайж, Н.Амаржин “Улсын төсвийн төлөвлөгөөний дэлгэрэнгүй задаргааг олон нийтэд ил болгоё” нэртэй өргөдөл санаачилжээ. Эхний ээлжид 100 мянган иргэний гарын үсэг цуглуулах зорилготой уг өргөдлийг арваннэгдүгээр сарын 23-нд УИХ-ын нийтийн өргөдлийн цахим системд байршуулсан байна.
Өргөдлийн гол шаардлага нь зөвхөн төсвийн нийт орлого, зарлагын дүнг мэдээлэх бус, урсгал зардал болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөт зориулалт, тоо хэмжээ, нэгж өртөг, үнийн дүнг дэлгэрэнгүй задалж, олон нийт ашиглах боломжтой нээлттэй файлаар нийтлэхийг шаарджээ.
Нээлттэй төсвийн ач холбогдол
Улсын төсвийн зарлагыг нийт дүнгээр нь танилцуулахад тухайн байгууллага, салбарт хэдий хэмжээний хөрөнгө хуваарилсныг харж болно. Харин тэр хөрөнгөөр ямар бараа, үйлчилгээ худалдан авах, хэдэн нэгж бүтээгдэхүүн нийлүүлэх, нэг бүрийн өртгийг хэрхэн тооцсоныг мэдэхийн тулд илүү нарийвчилсан мэдээлэл шаардлагатай гэж өргөдлийг санаачлагч тайлбарлажээ.
Тухайлбал, төсөвт нэг тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж худалдан авахаар тусгасан байлаа гэж бодоход зөвхөн нийт дүн нь ил тод байвал хэдэн ширхэг тоног төхөөрөмж авах, нэг бүрийн үнэ ямар байх, төсвийн тооцоолол зах зээлийн үнэтэй нийцэж байгаа эсэхийг үнэлэхэд хүндрэл гарах юм.
Харин худалдан авах бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, нэгж өртөг, нийт үнийн дүнг хамтад нь нийтэлбэл иргэд, судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагууд төсвийн төлөвлөлтийг харьцуулан шинжлэх боломж бүрдэнэ.
Энэ нь зөвхөн хөрөнгө оруулалтын төсөлд бус, төрийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулдаг урсгал зардалтай ч холбоотой.
Тухайлбал, албан байгууллагын тоног төхөөрөмж, тавилга, засвар үйлчилгээ, сургалт, зөвлөх үйлчилгээ зэрэг зардлыг зориулалт болон нэгж өртгөөр задлах нь төсвийн хөрөнгийн үр ашгийг үнэлэхэд ач холбогдолтой гэж онцолсон байна. Төсвийн мэдээлэл зөвхөн PDF баримт бичиг эсвэл нэгтгэсэн хүснэгт хэлбэрээр байвал олон жилийн мэдээллийг харьцуулах, байгууллага хоорондын ижил төрлийн худалдан авалтын нэгж өртгийг тооцох, зардлын өөрчлөлтийг шинжлэхэд нэмэлт боловсруулалт шаарддаг.
Харин машин унших боломжтой хүснэгтэн өгөгдөл хэлбэрээр нийтэлбэл төсвийн мэдээлэлд дараах төрлийн шинжилгээ хийх боломж нэмэгдэнэ.
Ижил төрлийн бараа, үйлчилгээний төсөвлөсөн нэгж өртгийг байгууллага хооронд харьцуулах;
Өмнөх жилийн төлөвлөгөөтэй харьцуулж үнийн болон тоо хэмжээний өөрчлөлтийг ялган тооцох;
Хөрөнгө оруулалтын төслүүдийн төсөвт өртөг, хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилтийн өөрчлөлтийг хянах;
Төлөвлөсөн зардлыг худалдан авах ажиллагааны гэрээ, гүйцэтгэлийн мэдээлэлтэй тулгах.
Ингэснээр төсвийн хөрөнгийн зарцуулалтад иргэдийн оролцоо нэмэгдэхээс гадна зардлын үндэслэл, үр ашгийн талаар баримтад тулгуурласан хэлэлцүүлэг өрнүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өмнө нь улсын төсвийн дэлгэрэнгүй задаргааг нийтэд ил тод болгох асуудлыг санаачилсан боловч парламентын дэмжлэг авч чадаагүй юм.
Энэ удаа Н.Амаржин уг асуудлыг иргэдийн нийтийн өргөдлөөр дахин тавьж, хууль тогтоох байгууллагын түвшинд хэлэлцүүлэхийг зорьж байна.
Өргөдөл 100 мянган иргэний дэмжлэг авсан тохиолдолд холбогдох хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах боломж бүрдэх аж.
Төсвийн мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх санаачилгын гол ач холбогдол нь улсын төсвийн нийт дүнг зарлахаас алхам урагшилж, татвар төлөгчдийн мөнгийг юунд, хэдий хэмжээгээр, ямар өртгөөр зарцуулахаар төлөвлөснийг шалгах боломж бүрдэхэд орших юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





