Тансаг зэрэглэлийн брэндүүдийн хувьд “Хар баасан гараг” бол амь зогоох үе байдаг
“LVMH”, “Kering”, “Prada”, “Moncler”, “Burberry” зэрэг томоохон загварын орднууд үнийн хямдрал зарлахын оронд бэлгийн тусгай цуглуулга, маркетингийн кампанит ажлаар баярын улирлын борлуулалтаа өсгөх…

Өвлийн эхэн сар хаяанд ирж, олон улсын худалдааны төвүүд “Black Friday” буюу хар баасан гарагийн улаан шошгонд дарагдаж буй энэ үед тансаг зэрэглэлийн загварын орднууд тэс өөр дүрмээр тоглож байна. Тухайлбал, салбарын “LVMH”, “Kering”, “Prada”, “Moncler”, “Burberry” зэрэг брэнд үнийн хямдрал гэх ойлголтоос эрс татгалзаж, харин ч эсрэгээрээ баярын уур амьсгал, онцгой бэлгийн цуглуулга, сэтгэл татам маркетингийн кампанит ажлаар хэрэглэгчдийн зүрхийг эзэмдэх стратегийг баримталж буй. 2026 онд тансаг зэрэглэлийн зах зээл хүлээж байсан шиг хурдацтай сэргэж чадаагүй нь компаниудын хувьд арваннэгдүгээр сарыг санхүүгийн тайлангаа аврах хамгийн чухал талбар болгон хувиргав. Гэвч эдгээр брэндүүдийн хувьд бүтээгдэхүүний үнэ хөсгөө буулгах нь олон арван жилийн турш бүтээсэн “ховор, цор ганц” гэх үнэ цэнээ “уландаа гишгэж буй” мэт эрсдэлтэй алхам болдог. Тиймээс тэд хэрэглэгчдийн худалдан авах сэтгэл зүйг үнийн урамшууллаар бус, харин тансаг мэдрэмжээр өдөөхийг илүүд үзэж байна.
Тансаг брэндүүдийн нийт борлуулалтын 10 гаруй хувь нь жилийн эцэст бүрддэг Тансаг зэрэглэлийн брэндүүд хүлээн зөвшөөрдөггүй л болохоос тэдний хамгийн өндөр борлуулалт, орлоготой үе нь эд хямдрал ихтэй баярын улирал байдаг. Судалгааны “Advan Research” байгууллага АНУ-ын 120 сая гаруй төлбөрийн картын гүйлгээнд дүн шинжилгээ хийхэд тансаг зэрэглэлийн брэндүүдийн борлуулалт жилийн эцэст эрс нэмэгдэж байжээ. Тухайлбал, 2025 онд “Prada”-гийн Америк дахь жилийн нийт борлуулалтын 11.5 хувь, “Burberry”-гийн 14 хувь, “Ralph Lauren”-ийн 15 хувь нь зөвхөн арваннэгдүгээр сард бүрдсэн байна. Харин “Louis Vuitton” болон “Gucci”-ийн хувьд Талархлын баяраас Зул сарын баяр хүртэлх нэг сар хүрэхгүй хугацаанд жилийн нийт борлуулалтынх нь 15 орчим хувь бүрджээ. Энэ дүн нь бусад сарын дундаж болох 8 хувиас хоёр дахин өндөр үзүүлэлт бөгөөд тансаг зэрэглэлийн брэндүүдийн хувьд баярын худалдааны улирал ямар чухал болохыг харуулж байна.
“Хар арваннэгдүгээр сар” Нэгэн цагт ердөө 24 цагийн турш үргэлжилдэг байсан “Хар баасан гараг”-ийн худалдааны галзуурал өдгөө бүхэл бүтэн сарыг хамарсан “Black November” буюу “Хар арваннэгдүгээр сар” болон хувирчээ. 2008 оны санхүүгийн хямралаас эхлэлтэй бараа материалын үлдэгдлээ шавхах гэсэн худалдаачдын оролдлого өнөөдөр хэрэглэгчдийн зан төлөвийг бүрмөсөн өөрчилсөн байна. Их Британийн “Circus PPC” агентлагийн судалгаанаас харахад худалдан авагчид заавал баасан гарагийг хүлээхээ больж, харин ч хямдралын дараах ням гарагт хамгийн их худалдан авалт хийдэг болжээ. Энэхүү хандлага нь хэрэглэгчид сэтгэл хөдлөлөөр бус, илүү тооцоотой, тайван сонголт хийдэг болсны илрэл юм. Гоо сайхан, тэр дундаа тансаг сүрчигний ертөнцөд энэ улирал бүр ч онцгой жин дардаг. Зах зээлийн судалгааны “Circana” компанийн тооцоолсноор 2025 онд АНУ-ын дээд зэрэглэлийн сүрчигний жилийн нийт борлуулалтын 35 хувь нь ердөө арваннэгдүгээр болон арванхоёрдугаар сард хийгджээ. Гэсэн хэдий ч зөвхөн брэндийн нэр хүндэд найдах цаг ард хоцорсныг зах зээлийн шинэ дохионууд сануулсаар байна. “PwC”-ийн 2026 оны судалгаанд оролцогчдын 70 хувь нь тансаг зэрэглэлийн барааны үнэ бодит үнэ цэнтэйгээ нийцэхгүй байгаагаас үүдэн худалдан авахаас татгалзсан гэж хариулсан нь брэндүүдэд өгсөн том сануулга болов. Ийнхүү загварын ертөнцийн акулууд “Хар баасан гараг” гэх хямдхан шошгоноос нэр төрөө хамгаалан үлдэж чадсан ч жинхэнэ сорилт одоо л эхэлж байна. Үнийн хямдралгүйгээр, зөвхөн баярын ид шид, бэлгийн урлагаар хэрэглэгчдийг татаж, тэдэнд төлсөн мөнгөндөө харамсахааргүй бодит үнэ цэнийг мэдрүүлэх нь хамгийн том загварын тоглолт болоод байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





