"Versace" загварын ордноос тэтгэвэрт гарсан Д.Версаче залуусын загварын ертөнцөд эргэн ирэхээр боллоо
АНУ-ын залуу хэрэглэгчдэд төвлөрсөн цахим загварын худалдааны “Revolve” компани Италийн алдарт дизайнер Донателла Версачетай хамтран гоо сайхан, загварын шинэ бизнес эхлүүлэхээр боллоо. Версаче шинэ төслийн бүтээлч удирдлагыг хариуцах бөгөөд нэр, бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл болон нээлтийн товыг ойрын саруудад зарлахаар төлөвлөж буй бололтой. “Revolve” цахим худалдааны технологи, дэд бүтцээ биечлэн зохион байгуулах арга хэмжээ, энтертайнмент болон контенттой хослуулах замаар залуу худалдан авагчдын хүрээгээ нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.

АНУ-ын залуу хэрэглэгчдэд төвлөрсөн цахим загварын худалдааны “Revolve” компани Италийн алдарт дизайнер Донателла Версачетай хамтран гоо сайхан, загварын шинэ бизнес эхлүүлэхээр боллоо. Төслийн нэр болон нээлтийн огноо одоогоор тодорхой болоогүй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг ойрын саруудад танилцуулах төлөвтэй байна.
Өдгөө 71 настай Донателла Версаче шинэ бизнесийн бүтээлч удирдлага хариуцсан захирлаар ажиллахаар болжээ. Тэрбээр тансаг зэрэглэлийн “Versace” загварын ордны бүтээлч үйл ажиллагааг бараг 30 жил удирдсаны эцэст 2025 оны гуравдугаар сард "creative director" буюу бүтээлч захирлын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм.
Версаче шинэ төслөөр дамжуулан залуу үеийн хэрэглэгчидтэй илүү шууд харилцахыг зорьж буйгаа онцолж, "Би дараагийн үеэс, хөгжим, кино, урлаг, мэдээж загвараас үргэлж урам авдаг” хэмээжээ. Түүний тайлбарласнаар “Revolve”-тай байгуулсан түншлэл нь гоо сайхан, загвараар дамжуулан залуу хэрэглэгчдэд илүү хувьчилсан хэлбэрээр хүрэх боломж олгох аж.
Үүний зэрэгцээ “Revolve” сүүлийн жилүүдэд алдартнууд болон нөлөөлөгчдийг зөвхөн сурталчилгаанд ашиглахаас илүүтэй шинэ бүтээгдэхүүн, брэнд хөгжүүлэх стратегитайгаа холбох болсон.
Тухайлбал, реппер Карди Би өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тус компанитай кампанит ажил эхлүүлсэн бол София Ричи Грэйнж мөн оны аравдугаар сард “Revolve”-тай хамтран “SRG” загварын брэнд байгуулжээ. Харин Донателла Версачетай хийх хамтын ажиллагаа нь сурталчилгааны кампанит ажлаас илүү өргөн хүрээтэй, тусдаа бизнес хэлбэрээр хөгжихөөрөө ялгаатай.
Компанийн мэдээлснээр наймдугаар сард цэвэр борлуулалт нь 347 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 12 хувиар өссөн байна. “Revolve” цахим худалдааны технологи, дэд бүтцээ биечлэн зохион байгуулах арга хэмжээ, энтертайнмент болон контенттой хослуулах замаар залуу худалдан авагчдын хүрээгээ нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.
Компани хамтын ажиллагааны талаар "Донателлагийн бүтээлч нөлөөг ‘Revolve’-ийн технологи, дэд бүтэц болон дэлхийн хэрэглэгчдэд хүрэх боломжтой нэгтгэснээр ялгарах бүтээгдэхүүн бий болгож, урт хугацаанд хөгжүүлэх боломжтой” хэмээн мэдэгджээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.

