1990-ээд оны хувцаслалт энэ оны загварын өнгийг тодорхойлж байна
1990-ээд онд түгээмэл байсан энгийн эсгүүр, даруухан өнгө, цөөн элементтэй хувцаслалт 2026 оны загварын чиг хандлагад дахин хүчтэй байр суурь эзэлж байна.

2026 онд 1990-ээд оны хувцаслалт загварын ертөнцөд дахин анхаарал татаж байна. Цагаан майк, шулуун эсгүүртэй жийнсэн өмд, хар даашинз, мөн энгийн цамц зэрэг хувцсаар бүрддэг энэхүү хэв маяг нь олон төрлийн чимэглэл, тод өнгийн шийдэл болон олны анхаарал татах загвараас онцгойрдог аж. Ялангуяа 1990-ээд онд жүжигчин Гвинет Пэлтроу, загвар өмсөгч Кейт Мосс, загварын салбарын төлөөлөгч Каролин Бессетт-Кеннеди нар тухайн үеийн минималист хувцаслалтын гол төлөөлөгчид байв. Тухайн үед “Calvin Klein”, “Helmut Lang”, “Prada” зэрэг брэнд энгийн эсгүүр, хувцасны зохицол, материалын чанарыг чухалчилсан загвараараа ялгарч байжээ. Өдгөө энэ хэв маягийг шинэ үеийн алдартнууд дахин түгээмэл болгож байна. Тухайлбал, жүжигчин Сэйди Синк, Канадын дуучин Тейт Макрей нар “Calvin Klein”-ийн Feel the Fit жийнсэн хувцасны сурталчилгаанд 1990-ээд оны шулуун эсгүүртэй жийнсэн өмдийг орчин үеийн хувцаслалттай хослуулан танилцуулжээ. Мөн загвар өмсөгч Кендалл Женнер, Белла Хадид нар ч Кейт Моссын 1990-ээд оны өдөр тутмын хувцаслалтыг санагдуулам загварыг түгээмэл болгож байна. Ялангуяа цагаан майк, жийнсэн өмд, нарийн хүрээтэй нарны шил зэрэг цөөн хувцас, хэрэгслээр бүрдсэн уг хэв маяг залуу хэрэглэгчдийн сонирхлыг татаж буй. Минималист чиг хандлага зөвхөн тансаг зэрэглэлийн брэндүүдээр хязгаарлагдахгүй байгаа юм. Тухайлбал, Японы “Uniqlo” брэндийн энгийн цагаан футболк, “Marks & Spencer”-ийн майк, хавтгай ултай гутал зэрэг өдөр тутмын хувцас ч энэ хэв маягийн нэг хэсэг болжээ. Үүний зэрэгцээ 1990-ээд онд “Givenchy”, “Dior” загварын орднуудыг удирдаж байсан дизайнер Жон Гальяно “Zara”-тай хамтарсан Re цуглуулгаа танилцуулсан. Тус цуглуулгад минималист кардиган, цамцнаас гадна урт пальто, үслэг чимэглэлтэй загварууд багтаж буй.
Цахим орчны нөлөө Нийгмийн сүлжээний тасралтгүй мэдээлэл, хиймэл оюуны хөгжлийг тойрсон тодорхойгүй байдал нэмэгдэхийн хэрээр зарим хэрэглэгч интернэт өргөн дэлгэрээгүй байсан үеийн амьдралыг эерэгээр дурсах болжээ. Нэг ёсондоо тухайн үеийнх биш байсан “энгийн” гэж тодорхойлж болохуйц амьдралыг залуус чухалчлах болоод байна. Залуусын энэ хандлага ч загварын салбарт тусгалаа олж, бусдын анхаарлыг татахыг эрмэлзсэн загвараас илүү өдөр тутамд өмсөхөд хялбар, олон янзаар хослуулах боломжтой хувцсыг сонгох сонирхолтой холбогдож буй аж.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.

