“Collins” толь бичиг 2026 оны онцлох үгээр “mogging”-ийг нэрлэлээ
Их Британийн “Collins English Dictionary” толь бичиг бусдаас илүү харагдах, бусдыг давж гарах гэсэн утгатай “mogging” гэх цахим хэллэгийг 2026 оны онцлох үгээр сонгожээ.

Их Британийн “Collins English Dictionary” толь бичиг 2026 оны онцлох үгээр “mogging”-ийг нэрлэлээ. Бусдаас илүү харагдах, бусдыг давж гарах, эсвэл хэн нэгний анхаарлыг өөртөө татах гэсэн утгатай уг хэллэгийн хэрэглээ энэ онд 210 хувиар өссөн байна. Ялангуяа Z болон Alpha үеийнхэн цахим орчин төдийгүй өдөр тутмын яриандаа өргөн ашиглах болжээ.
“Mogging” нь анх хүний гадаад төрх, бие бялдрыг харьцуулж, хэн нэгнийг бусдаас илүү харагдаж байгааг илэрхийлэхэд хэрэглэгддэг байв. Тухайлбал, хамт зургаа авахуулах үед нэг хүн бусдаасаа илүү анхаарал татаж байвал түүнийг бусдыгаа “mogging” хийлээ гэж хэлж болно. Харин сүүлийн үед уг хэллэгийн утга өргөжиж, зөвхөн гадаад төрх бус ур чадвар, гүйцэтгэлээр бусдаас илүү байхыг ч илэрхийлэх болжээ.
Энэ үгийн гарал нь 2010-аад оны дунд үед бодибилдинг болон эрчүүдийн гадаад төрх, давамгай байдлыг хэлэлцдэг цахим бүлгүүдэд хэрэглэгдэж байсан “AMOG” буюу “Alpha Male of the Group” гэсэн товчлолтой холбоотой. Улмаар гадаад төрхөө сайжруулах аргыг хэлэлцдэг “looksmaxxing” бүлгүүдэд тархаж, сүүлийн жилүүдэд илүү өргөн хэрэглээнд нэвтэрсэн байна.
“Collins” толь бичгийн удирдах захирал Алекс Бикрофтын тайлбарласнаар, хэл шинжээчид тухайн үгийн хэрэглээний давтамжаас гадна хэрэглээний хэв маяг хэрхэн өөрчлөгдөж байгааг судалдаг. Түүний үзэж буйгаар “mogging”-ийг онцлох үгээр сонгосон нь шинэ үеийнхэн хэлний хөгжилд хэрхэн нөлөөлж байгааг харуулж байна.
“Collins” толь бичиг жил бүр хэвлэл мэдээлэл, ном, цахим орчин зэрэг олон төрлийн эх сурвалж дахь үгийн хэрэглээг судалж, тухайн жилийн нийгэм, соёлын өөрчлөлтийг илэрхийлэх үгсийг тодруулдаг. 2025 онд хиймэл оюунд хүссэн программынхаа үйл ажиллагааг тайлбарлан, код бичүүлэх аргыг илэрхийлдэг “vibe coding” хэллэгийг онцлох үгээр нэрлэж байв.
Харин 2026 оны шилдэг 10 үгийн жагсаалтад ажилтан авах бодит зорилгогүйгээр нийтэлсэн ажлын зарыг илэрхийлэх “ghost job”, спортын тэмцээний үеэр тамирчдад ус уух боломж олгодог завсарлага буюу “hydration break”, хиймэл оюун хүн төрөлхтний соёл иргэншлийн сүйрэлд хүргэх магадлалын үнэлгээг илэрхийлэх “p(doom)” зэрэг хэллэг багтжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





