НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
НӨАТ-ын буцаан гуравдугаар улирлын олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ.

2026 оны гуравдугаар улирлын нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ. Буцаан олголтыг долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны хооронд хийсэн худалдан авалтын цахим төлбөрийн баримтад үндэслэн тооцож буй.
Одоогийн зохицуулалтаар иргэд шаардлага хангасан худалдан авалтад төлсөн НӨАТ-ын 20 хувийг буцаан авдаг бөгөөд энэ тоо нь НӨАТ шингэсэн нийт үнийн дүнгийн 1.82 орчим хувьтай тэнцэж буй. Тухайлбал, НӨАТ багтсан нэг сая төгрөгийн худалдан авалт хийсэн бол 18,182 орчим төгрөгийн буцаан олголт авах боломжтой аж.
41,020 иргэн буцаан олголтоороо татвараа төлжээ
Гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтоосоо татвар төлөх хүсэлтийг аравдугаар сарын 19–23-ны өдрүүдэд “eBarimt” системээр хүлээн авсан. Энэ хугацаанд 41,020 иргэн нийт 779.4 сая төгрөгийн татвараа буцаан олголтоосоо төлсөн тухай мэдээлжээ.
Иргэд НӨАТ-ын буцаан олголтоороо автотээврийн хэрэгслийн, үл хөдлөх эд хөрөнгийн, газрын, галт зэвсгийн болон малын тоо толгойн албан татвараа төлөх боломжтой. Мөн авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлж болно.
НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тухайлбал, нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, хоёрдугаар улирлынхыг долдугаар сард, гуравдугаар улирлынхыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлынхыг дараа оны нэгдүгээр сард олгодог хуваарьтай.
Иргэд буцаан олголтын мөнгө дансанд нь шилжсэн эсэхийг “eBarimt” аппликейшнээр шалгах боломжтой.
Холбоотой мэдээ





