Z үеийнхэн тань руу дуугүй ширтээд л байгаа нь ч хүмүүжилгүй үйлдэл биш л дээ...
Олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Gen Z stare" буюу Z үеийнхний ширтэлт хэмээх нэршил газар аваад буй.

Олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Gen Z stare" буюу Z үеийнхний ширтэлт хэмээх нэршил газар аваад буй. Merriam-Webster толь бичигт энэ хандлагыг "ямар нэгэн хариу хэлэх ёстой нөхцөлд юу ч хэлэлгүй, огт сэтгэл хөдлөлгүйгээр өөдөөс нь ширтэх" хэмээн тодорхойлжээ. Тэд хэн нэгэн өөрийг нь доромжилсон, зүй бус үг хэллэг ашигласан, эсвэл "мэдээжийн" зүйлийг асуухад ийнхүү ширтдэг аж.
Хэдийгээр ахмад үеийнхэн үүнийг соёлгүй, үл хүндэтгэсэн үйлдэл гэж харж болох ч залуусын хувьд шал өөр ойлголт юм.
Тухайлбал, ахмад үеийнхэн үйлчилгээний болон нийгмийн орчинд үргэлж инээмсэглэж, эелдэг байхыг эрхэмлэдэг бол Z үеийнхэн “хуурамч инээмсэглэл” болон хэрэгцээгүй ярианаас татгалзаж, илүү шулуун, бодит байхыг илүүд үздэг. Гүйцэтгэх захирлуудын дасгалжуулагч Лорен Марголис ч мөн уг үеийнхэн ажлын байран дээрх хиймэл харилцааг ташаадаггүй бөгөөд үнэн, бодитой харилцааг эрхэмлэдэг гэдгийг онцолсон байна.
Түүнчлэн ажиглагчид болон сэтгэл судлаачид уг үзэгдлийг зөвхөн хүмүүжилгүй байдал гэж харах нь өрөөсгөл ойлголт хэмээн үзэж байна. Тодруулбал, харилцааны мэргэжилтэн Бетси Баттерикийн тайлбарласнаар, Z үеийнхэн цахим орчинд өссөн тул нүүр тулсан харилцааны туршлага багатай байдаг. Тэдний хувьд үе тэнгийнхний харилцаа хамгийн өндөр үнэ цэнтэй тул ямар нэгэн сөрөг үр дагавраас зайлсхийхийн тулд төвийг сахисан, сэтгэл хөдлөлгүй царай гаргахыг илүүд үздэг байна.
Үүнээс гадна ковидын цар тахлын нөлөө ч үүнд багагүй үүрэг гүйцэтгэжээ. Клиник сэтгэл судлаач Мэттью Лихигийн хэлснээр, цар тахлын үеэр хүүхдүүд хөгжлийн чухал үе шатандаа амьд харилцаанаас тусгаарлагджээ. Үүний улмаас залуусын хувьд шууд харилцаанд ороход эргэлзэх, түгших, эсвэл мэдээллийг боловсруулахад тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй болдог аж.
Иймд байгууллагын зөвлөх Кристин Эмерсон болон бусад мэргэжилтнүүд ахмад үеийнхэнд ийм ширтэлттэй тулгарсан үедээ шууд соёлгүй гэж дүгнэхийн оронд харилцааны ялгааг ойлгохыг зөвлөв. Тэд тухайн хүнд хариу үйлдэл үзүүлэх хэдэн секундын хугацаа олгох, эсвэл шүүмжлэхгүйгээр шууд, ил тод асуулт асууж яриа эхлүүлэх нь үе хоорондын ойлголцлын заагийг ойртуулна гэж үзэж байна.
Холбоотой мэдээ





