ChatGPT-ийн зөвлөгөөгөөр эмийн тунгаа бууруулсан 31 настай эмэгтэй нас баржээ
АНУ-ын 31 настай Боуэн Ван эпилепсийн эмийн хэрэглээгээ ChatGPT-ийн зөвлөгөөгөөр өөрчилсний дараа нас барсан хэрэгтэй холбогдуулан түүний эцэг эх “OpenAI” болон компанийн гүйцэтгэх захирал Сэм…

АНУ-ын Сиэтл хотод амьдарч байсан 31 настай Боуэн Ван эпилепсийн эмийн хэрэглээгээ ChatGPT-ийн зөвлөгөөгөөр өөрчилсний дараа нас барсан хэрэгтэй холбогдуулан түүний эцэг эх аравдугаар сарын 27-нд “OpenAI” компани болон гүйцэтгэх захирал Сэм Алтманы эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Ар гэрийнхэн нь хиймэл оюуны систем эмчийн хяналтгүйгээр эмийн тунг бууруулах төлөвлөгөө боловсруулсан нь түүний үхэлд нөлөөлсөн гэж үзэж байна.
Боуэн Ван нь АНУ-ын технологийн “Amazon” компанид программ хангамжийн инженерээр ажиллаж байсан бөгөөд олон жилийн турш эпилепсийн эсрэг ламотриджин эм хэрэглэж байжээ. Тэрбээр эмийн гаж нөлөө ой тогтоолт, ярианы чадварт нь сөргөөр нөлөөлж болзошгүй гэж санаа зовниж байсан аж. Мөн ажлаасаа халагдсаны дараа шинэ ажил олох шаардлагатай болсон нь эмийн тунгаа бууруулах талаар судлах нэг шалтгаан болжээ.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар Боуэн Ван ChatGPT-ийн GPT-4o загвартай эмийн хэрэглээнийхээ талаар удаа дараа зөвлөлдсөн байна. Хиймэл оюуны систем эхэндээ эмчтэй зөвлөлдөхийг санал болгосон ч улмаар эмийн хоногийн 400 миллиграммын тунг 25 орчим хоногийн дотор тэг болгох нарийвчилсан төлөвлөгөө боловсруулжээ. Түүнчлэн эмийн тунгаа бууруулж буйгаа эмчдээ мэдэгдэхгүй байх, цусны шинжилгээ өгөхөөс татгалзах шийдвэрийг нь "дэмжсэн" гэж ар гэрийнхэн нь буруутгаж байна.
“The New York Times” сонин Боуэн Ван болон ChatGPT-ийн хооронд солилцсон 270,000 гаруй зурвасыг судалсан тухай мэдээлжээ. Тэрбээр эмийн тунгаа бууруулах явцад биеийн байдалдаа санаа зовниж буйгаа 158-аас доошгүй удаа илэрхийлсэн ч хиймэл оюуны систем шинж тэмдгүүдийг нь "аюултай гэж үзэлгүй тайвшруулж байсан" талаар тус хэвлэлийн судалгаанд дурдсан байна.
Боуэн Ван 2026 оны хоёрдугаар сард нас баржээ. Кинг тойргийн шүүх эмнэлгийн шинжилгээгээр түүний үхлийн шалтгааныг эпилепсийн үед тохиолддог гэнэтийн нас баралт гэж тогтоосон байна.
Боуэн Ваныг эмчилж байсан Вашингтоны их сургуулийн анагаах ухааны төвийн мэдрэлийн эмч Николас Пулос таталтыг нь хянаж байсан эмийг зогсоохыг зөвлөх үндэслэл байгаагүй гэж “The New York Times”-т тайлбарлажээ. Түүний үзэж буйгаар үр дүнтэй хэрэглэж байсан эмийг ийм байдлаар зогсоохыг зөвлөх нь эмнэлгийн мэргэжлийн ноцтой алдаа болох байв.
Харин “OpenAI” компанийн төлөөлөгч Дрю Пусатери болсон явдлыг эмгэнэлтэй хэрэг хэмээн тодорхойлж, ChatGPT нь мэргэжлийн эмнэлгийн тусламжийг орлох зориулалтгүйг онцолжээ. Тэрбээр эрүүл мэндийн эмзэг нөхцөлд хиймэл оюуны системийн хариу үйлдлийг сайжруулахаар эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байгааг мэдэгдсэн байна. Боуэн Ваны ашиглаж байсан GPT-4o загварыг энэ оны хоёрдугаар сарын 13-нд хэрэглээнээс хассан юм.
Холбоотой мэдээ





