Google гуравдагч талын аппуудыг Search болон Gemini-д холбох Connected Apps платформоо нээлээ
Google хөгжүүлэгчид өөрсдийн аппыг Google Search болон Gemini аппад нэг дор холбож, удирдах боломжтой Connected Apps платформын туршилтын хувилбарыг АНУ-д нээж, Adobe, Calm, Peloton зэрэг шинэ түншүүдээ танилцууллаа.

Google 10-р сарын 28-нд гуравдагч талын хөгжүүлэгчид өөрсдийн апп, үйлчилгээг Google Search болон Gemini аппад нэг дор холбож, удирдах боломжтой Connected Apps Platform-ын урьдчилсан хувилбарыг нээснээ компанийн албан ёсны блогтоо зарлалаа. Ингэснээр хэрэглэгчид хүнсний захиалга өгөх, тоглуулах жагсаалт үүсгэх зэрэг ажлыг тухайн аппыг нээлгүйгээр Google-ийн хиймэл оюуны орчноос шууд гүйцэтгэх боломж өргөжих юм.
Google-ийн тайлбарласнаар хөгжүүлэгчид үүлэн дээр байрлах MCP (Model Context Protocol) сервер эсвэл Android-ийн AppFunctions API-аар дамжуулан Android MCP-тэй холбогдож, дараа нь Google Connected Console-оор аппаа бүртгэж, туршиж, хянуулахаар илгээнэ. Аппаа Search, Gemini эсвэл хоёуланд нь гаргахаа өөрсдөө сонгох бөгөөд нэвтэрсний дараа хандалт, хариу өгөх хугацаа, алдааны түвшнийг хянаж, баталгаажсан лого, нэвтрэх бүртгэл зэрэг брэндийн хяналтаа хадгална.
Google Search болон Gemini-д одоогоор 50 гаруй холбогдсон апп ажиллаж байна. Adobe, Experian, Localiza, Peloton зэрэг түншүүдийн аппууд Gemini дээр ажиллаж эхэлсэн бөгөөд ойрын долоо хоногуудад Search-д нэмэгдэнэ. Бясалгалын Calm апп ч удахгүй хоёр үйлчилгээнд хоёуланд нь нэвтэрнэ. Платформ одоогоор АНУ-ын хөгжүүлэгчдэд хүлээлгийн жагсаалтаар нээлттэй бөгөөд Google ойрын саруудад илүү олон хөгжүүлэгч, зах зээл, бүтээгдэхүүнд үе шаттай өргөжүүлнэ гэжээ. Хэзээ бүрэн нээгдэхийг компани тодорхойлоогүй байна.
TechCrunch-ийн тэмдэглэснээр ChatGPT, Meta зэрэг өрсөлдөгчид ч ижил төстэй холболтуудыг хөгжүүлж байгаа бөгөөд энэ чиг хандлага нь хэрэглэгчдийг аппуудыг тус тусад нь нээх биш, дуртай хиймэл оюуны туслахаараа дамжуулан үйлчилгээ авахад шилжүүлж болзошгүй юм. Хайлтын системийн оновчлол (SEO) компаниудад хайлтын үр дүнд харагдах боломж олгодог шиг энэ платформ нь хиймэл оюуны агентуудын эрин үед бизнесүүд харагдах эхний алхмуудын нэг болж магадгүй гэж хэвлэл дүгнэжээ.
Эх сурвалж: Google, TechCrunch, The Verge. Зураг: Google
Холбоотой мэдээ





