“Microsoft”-ийн улирлын цэвэр ашиг 32 хувиар өсч, $36.6 тэрбумд хүрлээ
“Microsoft” компанийн 2026 оны есдүгээр сарын эцсээр дууссан улирлын цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 32 хувиар өсч, 36.6 тэрбум ам.долларт хүрчээ. Компанийн улирлын орлого 19 хувиар нэмэгдэж, 92.

АНУ-ын технологийн “Microsoft” компанийн цэвэр ашиг есдүгээр сарын 30-наар дууссан 2027 оны санхүүгийн жилийн эхний улиралд 36.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 32 хувиар өсчээ. Харин орлого нь 19 хувиар нэмэгдэн 92.3 тэрбум ам.доллар болсон нь үүлэн тооцооллын үйлчилгээний эрэлт өндөр хэвээр байгааг харууллаа.
Тайлант хугацаанд “Microsoft Cloud” үйлчилгээний орлого 30 хувиар өсч, 63.9 тэрбум ам.долларт хүрсэн бол “Azure” платформын орлого 48 хувиар нэмэгджээ. Мөн компанийн үйл ажиллагааны ашиг 21 хувиар дээшилж, 45.9 тэрбум ам.доллар болсон байна. Санхүүгийн тайлан нийтлэгдсэний дараа “Microsoft”-ийн хувьцааны ханш Нью-Йоркийн биржийн үндсэн арилжааны дараах үеэр 2.9 орчим хувийн өсөлт үзүүлэв.
Харин санхүүгийн үзүүлэлтүүд сайжирсан ч компани зардлаа бууруулах, ажиллах хүчний бүтцээ өөрчлөх арга хэмжээ авч эхэлсэн байна. Тодруулбал, аравдугаар сарын 26-нд АНУ, Канад, Их Британи, Энэтхэг дэх тодорхой баг, нэгжийн 60,000 орчим ажилтандаа сайн дураар ажлаас гарах нөхөн олговрын хөтөлбөр санал болгосон нь дэлхий даяарх 220,000 гаруй ажилтных нь дөрөвний нэгээс илүүтэй тэнцэж буй.
Хөтөлбөрт хамрагдах ажилтнууд санхүүгийн дэмжлэг болон дараагийн ажлын байраа төлөвлөхөд зориулсан зөвлөгөө авах боломжтой. Компанийн тайлбарласнаар уг арга хэмжээ нь бизнесийн өөрчлөгдөж буй хэрэгцээнд ажиллах хүчний бүтцийг нийцүүлэх зорилготой аж.
“Microsoft” хиймэл оюуны технологийг хөгжүүлэх, түүнийг ажиллуулах дата төв болон тооцооллын хүчин чадлаа өргөжүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа юм. Компанийн санхүүгийн тайлангаас үзвэл 2026 оны долдугаар сараас есдүгээр сарын хооронд үндсэн хөрөнгийн худалдан авалт, бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө 39.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс хоёр дахин өсчээ.
Үүний зэрэгцээ технологийн компаниудын хиймэл оюунд зарцуулж буй хөрөнгө оруулалт урт хугацаанд хэр хэмжээний өгөөж бий болгох нь хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд хэвээр байна. Тухайлбал, “Google”-ийн толгой компани “Alphabet”-ийн улирлын орлого 25 хувиар өссөн ч цэвэр ашиг нь мөн хугацаанд 25 хувиар буурч, 26.2 тэрбум ам.доллар болжээ. Ашгийн үзүүлэлт шинжээчдийн хүлээлтэд хүрээгүйтэй холбоотойгоор компанийн хувьцааны ханш үндсэн арилжааны дараах үеэр огцом буурсан байна.
Холбоотой мэдээ





