2026 оны MAMA шагнал гардуулах ёслол Японы Осака хотноо 11-р сарын 20–21-нд зохион байгуулагдана
2026 оны MAMA шагнал гардуулах ёслол Японы Осака хотод арваннэгдүгээр сарын 20–21-нд зохион байгуулагдаж, өөр өөр үеийн уран бүтээлчид болон урлагийн төрлүүдийг нэгтгэсэн тусгай үзүүлбэрүүдээ…

Өмнөд Солонгосын энтертайнмент салбарын “CJ ENM” компани 2026 оны Mnet Asian Music Awards буюу MAMA шагнал гардуулах ёслолын хөтөлбөрийг танилцуулж, энэ жилийн арга хэмжээнд өөр өөр үеийн уран бүтээлчид, кино болон дүрслэх урлагийг нэгтгэсэн тусгай үзүүлбэрүүд багтахыг мэдэгдлээ. Шагнал гардуулах ёслол арваннэгдүгээр сарын 20–21-нд Японы Осака хотын “Kyocera Dome Osaka” цэнгэлдэх хүрээлэнд болно.
Зохион байгуулагчид пүрэв гарагт Сөүл хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ жилийн арга хэмжээг “A Music Interstellar” сэдвийн хүрээнд зохион байгуулахаа зарлажээ. “Mnet”-ийн тэргүүн Юн Шин Хегийн тайлбарласнаар уг сэдэв нь K-pop хөгжмийн өнгөрсөн, одоо, ирээдүйг үе хоорондын хамтын ажиллагаа, хөгжмийн төрөл болон урлагийн бусад хэлбэрээр холбох зорилготой аж.
Шагнал гардуулах ёслолыг хоёр хэсэгт хуваахаар төлөвлөсөн байна. Арваннэгдүгээр сарын 20-ны эхний хэсэгт үзэгчдийн санал хураалтаар тодрох шагналууд болон шинэ уран бүтээлч, гоцлол дуучин, хамтлагийн төрлүүдийг онцолно. Харин дараагийн өдөр хөгжмийн бүтээл, тайзны үзүүлбэр болон төрөл жанрын шагналуудыг гардуулах юм.
Мөн энэ жил “Best Song Top 10” шинэ төрлийг нэвтрүүлж, дуу сонссон болон татаж авсан тоон мэдээлэлд үндэслэн оны шилдэг 10 дууг шалгаруулахаар болжээ. Улмаар эдгээр бүтээлээс оны шилдэг дууны эзнийг тодруулна.
2017 оноос хойш MAMA ёслолыг хэд хэдэн удаа хөтөлсөн жүжигчин Пак Бо Гом энэ жил арга хэмжээний элчээр томилогдож, хоёр өдрийн ёслолыг хөтлөхөөр болжээ.
BIGBANG, ENHYPEN болон Panic-ийн хамтарсан үзүүлбэрүүд Энэ жилийн MAMA ёслолын гол онцлогуудын нэг нь хөгжмийн өөр өөр үеийн төлөөлөл болон кино, хүүхэлдэйн бүтээлийг нэгтгэсэн тусгай тайзны үзүүлбэрүүд юм.
1995 онд байгуулагдсан Panic хамтлагийн Ли Жок, JP нар Cortis хамтлагийн Мартин, Сонхён, гоцлол уран бүтээлч Woodz, Zerobaseone хамтлагийн Ким Тэрэ, Allday Project-ийн Үчан болон Hearts2Hearts-ийн Юхатай хамтран тоглоно. Мөн Panic хамтлаг анх уран бүтээлээ эхлүүлсэн 1995 он нь “Mnet” телевиз байгуулагдсан онтой давхцаж буйгаараа онцлог юм.
Харин ENHYPEN хамтлаг шинжлэх ухааны уран зөгнөлт “Dune” кино цувралын гуравдугаар ангитай хамтарсан үзүүлбэр толилуулахаар бэлтгэж байна. Уг үзүүлбэрт киноны ертөнцийг хамтлагийн уран бүтээлд ашигладаг уран зөгнөлт өгүүлэмжтэй хослуулах аж.
BIGBANG хамтлаг Өмнөд Солонгосын алдарт Dooly the Little Dinosaur хүүхэлдэйн киноны дүрүүдтэй хамтарсан тайзны үзүүлбэр бэлтгэж байгаа бол зохион байгуулагчид нүүрсээр бүтээл туурвидгаараа танигдсан орчин үеийн дүрслэх урлагийн уран бүтээлч Ли Бэтэй хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Холбоотой мэдээ





