“Burning Sun” дуулианы эзэн, “BIGBANG” хамтлагийн гишүүн асан Сынри анхны хүүхдээ өлгийдөн авахаар болжээ
- Өмнөд Солонгосын “BIGBANG” хамтлагийн гишүүн асан Сынри гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн бөгөөд ирэх оны нэгдүгээр сард анхны хүүхдээ өлгийдөн авахаар болжээ.

Өмнөд Солонгосын “BIGBANG” хамтлагийн гишүүн асан Сынри гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, ирэх оны нэгдүгээр сард анхны хүүхдээ өлгийдөн авахаар болжээ. Түүний эхнэр хүү төрүүлэхээр хүлээж байгаа бөгөөд хосууд Сөүл хотын өмнөд хэсгийн Ганнам дүүрэгт хамт амьдарч байгаа аж.
Мягмар гарагт Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр Сынригийн эхнэр жирэмсэн бөгөөд хосууд хүүхдээ төрсний дараа гэрлэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл гарсан юм. Харин Сынри лхагва гарагт “Ilgan Sports” хэвлэлд өгсөн тайлбартаа гэрлэлтээ хэдийнэ бүртгүүлснийг баталж, гэрлэхээсээ өмнө хүүхэдтэй болсон гэх мэдээллийг няцаажээ. Тэрбээр одоогоор тусдаа хуримын ёслол зохион байгуулах бодолгүй байгаагаа мөн мэдэгдсэн байна.
Сынригийн хувийн амьдралтай холбоотой мэдээлэл түүнийг бусдад халдсан гэх гомдлоор шалгаж буй үед олон нийтэд ил болжээ. Өнгөрсөн наймдугаар сард Ганнам дүүргийн нэгэн ресторанд болсон үйл явдалтай холбогдуулан 30 гаруй насны эрэгтэй Сынри болон түүнтэй хамт байсан хүмүүсийг биед нь халдсан, заналхийлсэн, хууль бусаар хорьсон хэмээн цагдаад гомдол гаргасан байна.
Өмнөд Солонгосын “JTBC” телевиз тухайн рестораны хяналтын камерын бичлэгийг нийтэлсэн бөгөөд бичлэгт Сынри сөжү архины шил авч, гомдол гаргагчийн зүг хөдөлж, мөн ямар нэг зүйл өшиглөж байгаа мэт дүрс үлджээ. Гомдол гаргагчийн мэдүүлснээр Сынри шилээр далайлган сүрдүүлж, зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй холбоотой гэх зүйл ярьсан аж.
Харин Сынригийн хууль ёсны төлөөлөгч дээрх буруутгалыг няцаажээ. Тэрбээр Сынри архины шил авсныг хүлээн зөвшөөрсөн ч бусдын биед хүрээгүй, халдаж, заналхийлээгүй гэж мэдэгдсэн байна. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Сынри 2006 онд “BIGBANG” хамтлагийн гишүүнээр уран бүтээлийн гараагаа эхэлсэн ч 2019 онд “Burning Sun” дуулианд холбогдсоныхоо дараа хамтлагаасаа гарч, урлагийн салбараас зодог тайлснаа зарласан юм. Улмаар биеэ үнэлэхийг зуучилсан, мөрийтэй тоглоом тогтмол тоглосон, хүндрүүлэх нөхцөлтэйгээр бусдад халдахыг өдөөн турхирсан зэрэг хэд хэдэн хэрэгт гэм буруутайд тооцогдож, 18 сарын хорих ял сонсжээ.
Тэрбээр ялаа эдэлж дуусаад 2023 оны хоёрдугаар сард суллагдсан бөгөөд түүнээс хойш Өмнөд Солонгосын энтертайнмент салбарт эргэн ирээгүй, харин гадаад улс орнуудад хааяа олон нийтийн өмнө гарч байв.
Холбоотой мэдээ





