“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний сарын экспорт 3 сая тонноос 1.9 сая тонн болж буурчээ
Гашуунсухайт боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажилтай холбоотойгоор нүүрсний сарын экспортын хэмжээ долдугаар сарын 3 сая тонноос 1.9 сая тонн болж буурчээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний сарын экспортын хэмжээ долдугаар сард 3 сая тонн байсан бол одоогийн байдлаар 1.9 сая тонн болж буурчээ. Гашуунсухайт боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажилтай уялдуулан БНХАУ-ын талаас нүүрс татан авах хэмжээг багасгасан нь экспорт саарах шалтгаан болсныг компанийн төлөөлөл мэдээлсэн байна.
Экспортын нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортын талаар мэдээлэл сонсож, Ханги боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцжээ. Одоогоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний 20 хувийг Ханги боомтоор тээвэрлэн экспортолдог бөгөөд уг үзүүлэлтийг 50 хувьд хүргэх боломжийг авч үзсэн байна.
Гашуунсухайт боомтоор өнгөрсөн онд 40.8 сая тонн нүүрс экспортолсон нь Хятадын талтай боомтын түвшинд хэлэлцсэн 40 сая тоннын хэмжээнээс давжээ. Харин энэ онд 45 сая тонн нүүрс импортлохоор төлөвлөсөн гэх албан бус мэдээлэл байгааг компанийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж дурдсан байна. Түүний мэдээлснээр өнөөдрийн байдлаар тус боомтоор 39 сая тонн нүүрс экспортолжээ.
Нүүрсний экспортын хэмжээ саарсан ч орлого төлөвлөсөн түвшнээс давсан гэж компанийн төлөөлөл мэдэгдэв. Тодруулбал, БНХАУ-ын Шаньси мужид болсон дэлбэрэлтийн дараа нүүрсний ханш өсөж, тонн тутамдаа 130 ам.доллар байсан ханш 205 ам.долларт хүрсэн байна. Компанийн зүгээс ханш өндөр байх үед нүүрсний арилжааг зохион байгуулсан тул экспортын биет хэмжээ буурсан нь орлогод эрсдэл учруулахгүй гэж үзэж байгаа аж.
Мөн Засгийн газраас тус компанид менежерээр томилсон гурван хүнийг судлаачаар үргэлжлүүлэн ажиллуулж байгаа гэх мэдээллийг компани үгүйсгэлээ. Одоогоор бүтцийн өөрчлөлтийн хүрээнд 22 нэгжийг татан буулгаж, холбогдох хүмүүсийг ажлаас бүрэн чөлөөлсөн байна.
Холбоотой мэдээ





