Трамп завсрын сонгуульд ялбал насан хүрсэн Америк иргэн бүрд $5,000 олгохоо амлажээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бүгд найрамдах нам ирэх арваннэгдүгээр сарын 3-ны завсрын сонгуулиар олонх болбол насанд хүрсэн Америкийн иргэн бүрд 5,000 ам.доллар олгохоо амлалаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бүгд найрамдах нам ирэх арваннэгдүгээр сарын 3-ны завсрын сонгуулиар Конгрессын Төлөөлөгчдийн танхим болон Сенатад олонх болбол насанд хүрсэн Америкийн иргэн бүрд 5,000 ам.доллар олгохоо амлалаа. Гэхдээ иргэд уг мөнгийг зөвхөн АНУ-ын нутаг дэвсгэрт зарцуулах нөхцөлтэй аж. Трамп мягмар гарагт Техас мужид болсон сонгуулийн кампанит ажлын үеэр уг амлалтаа тайлбарлахдаа өөрийн эзэмшлийн Флорида дахь “Мар-а-Лаго” клубийн өндөр үнийг хошигнон дурджээ. Тэрбээр “Та Флорида руу явж, манай сайхан газруудын аль нэгээр үйлчлүүлж болно. Бүр Мар-а-Лагод ч ирж болно. Гэхдээ 5,000 ам.доллараар сайндаа л нэг хамбургер, жижиг амттан авч хүрэх байх” хэмээсэн байна. Улмаар энэ мөнгөөр тэдгээрийг авч чадах эсэхдээ эргэлзэж байгаагаа хошигнон, зардлаа хэмнэхийг хүсэж буй хүмүүст Мар-а-Лаго тохиромжгүй газар гэдгийг нэмжээ.
Амьжиргааны өртөг сонгуулийн гол асуудал болж байна АНУ-ын завсрын сонгууль болоход долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд буй энэ үед үнийн өсөлт, өрхийн амьжиргааны өртөг сонгогчдын анхаарлын төвд байна. Аравдугаар сард явуулсан “Associated Press-NORC” судалгаагаар АНУ-ын насанд хүрэгчдийн 84 хувь нь амьжиргааны өртгийг саналаа өгөхөд нөлөөлөх хамгийн чухал асуудлуудын нэг хэмээн нэрлэжээ. Мөн судалгаанд оролцогчдын 79 хувь нь Трампын амьжиргааны өртөгтэй холбоотой бодлогыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна. Сүүлийн үеийн санал асуулгуудаар Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимын сонгуулийн үндэсний саналын дүнгээр давуу байх төлөв ажиглагдаж байгаа бол Сенатын хяналтыг шийдэх зарим өрсөлдөөнд хоёр намын нэр дэвшигчид ойролцоо дэмжлэгтэй байна. Ийм нөхцөлд Трампын 5,000 ам.долларын амлалт нь сонгогчдын эдийн засгийн хүндрэлд чиглэсэн томоохон санал болж байгаа ч хэрэгжих боломж, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойгүй хэвээр байна.
1.2 их наяд ам.долларын зардал инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй Насанд хүрсэн Америкийн иргэн бүрд 5,000 ам.доллар олгоход нийт 1.2 их наяд орчим ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Ийм хэмжээний төсвийн зарлагыг хэрэгжүүлэхийн тулд Конгрессын зөвшөөрөл авах шаардлагатай. Зарим эдийн засагч нэг удаагийн мөнгөн тэтгэмж нь өрхийн худалдан авах чадварыг түр хугацаанд дэмжиж болох ч амьжиргааны өртгийн суурь асуудлыг шийдвэрлэхгүй гэж анхааруулж байна. Түүнчлэн хэрэглээний эрэлтийг нэмэгдүүлснээр инфляцыг улам өсгөх эрсдэлтэй гэж үзжээ. АНУ-ын өрхүүдийн хувьд шатахуун болон хүнсний бүтээгдэхүүний үнэ амьжиргааны зардлыг өсгөж буй гол хүчин зүйлсийн нэг хэвээр байна. Трамп өмнө нь ч сонгуулийн өмнө иргэдэд шууд мөнгөн дэмжлэг олгох амлалт өгч байсан ч хэрэгжүүлээгүй тохиолдол бий. Тухайлбал, 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө тэрбээр эрүүл мэндийн даатгалын “Medicare” хөтөлбөрт хамрагддаг 33 сая иргэнд эмийн зардалд зориулсан 200 ам.долларын карт олгохоо мэдэгдсэн ч уг картуудыг тараагаагүй юм.
Холбоотой мэдээ





