Израилийн парламентад өрсөлдөгч эвслүүдийн аль нь ч олонхоо авч чадахааргүй байна
Израилын парламентын сонгуулийн санал хураалтын дараах судалгаагаар Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон сөрөг хүчний удирдагч Гади Айзенкотын эвслүүдийн аль аль нь Засгийн газар байгуулахад…

Израилын парламентын сонгуульд Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон түүний гол өрсөлдөгч Гади Айзенкотын тэргүүлсэн эвслүүдийн аль аль нь олонх болж чадаагүйг санал хураалтын дараах урьдчилсан судалгаанууд харууллаа. Аравдугаар сарын 28-ны өглөөний байдлаар “Channel 13” телевизийн шинэчилсэн тооцоогоор хоёр эвсэл тус бүр 51 суудал авах төлөвтэй байгаа нь 120 суудалтай Кнессетэд Засгийн газар байгуулахад шаардлагатай 61 суудлаас 10-аар дутуу үзүүлэлт юм. Харин “Channel 12” болон олон нийтийн “Kan 11” телевизийн судалгаагаар Айзенкотын эвсэл 52, Нетаньяхугийн эвсэл 50 суудал авах төлөвтэй байна.
Сонгуулийн дүнг албан ёсоор баталгаажуулаагүй байгаа бөгөөд эцсийн үр дүнг арваннэгдүгээр сарын 4-нд нийтлэхээр товложээ. Израилын Сонгуулийн төв хорооны мэдээллээр сонгогчдын ирц 77.7 хувьд хүрсэн нь сүүлийн 27 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болов. Өмнөх буюу 2022 оны сонгуулийн ирц 70.6 хувь байжээ.
Энэ удаагийн сонгууль нь 2023 оны аравдугаар сарын 7-нд “Хамас” бүлэглэл Израилд халдсанаас хойш зохион байгуулсан анхны парламентын сонгууль юм. Газын зурвас, Ливан болон Ирантай холбоотой дайнуудын дараа болсон санал хураалт нь 2009 оноос хойш Израилын улс төрд давамгайлж ирсэн Нетаньяхугийн удирдлагыг сонгогчид хэрхэн үнэлж байгааг харуулах чухал үйл явдал боллоо.
Израилын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга асан Гади Айзенкот урьдчилсан дүн гарсны дараа ялалт байгуулснаа зарлаж, Засгийн газар байгуулах эхний боломжийг өөрт нь олгох ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр санал хураалтын дараах судалгааг Нетаньяху болон түүний Засгийн газарт итгэл алдарсны илэрхийлэл гэж тодорхойлжээ.
Нетаньяхугийн дэмжигчид түүнийг дайны үед Израилыг удирдаж, олон улсын шахалтыг сөрөн зогссон хэмээн үнэлж байна. Харин шүүмжлэгчид түүний авлигын хэрэгтэй холбоотой шүүх ажиллагаа, шүүхийн тогтолцоог өөрчлөх оролдлого болон Газын зурвас дахь дайныг удирдсан байдлыг эсэргүүцэж буй. Олон улсын эрүүгийн шүүхээс Газын зурвас дахь цэргийн ажиллагаатай холбогдуулан Нетаньяхуг баривчлах захирамж гаргасан ч тэрбээр уг шийдвэрийг няцааж байгаа юм.
Арабын намуудын суудал Засгийн газрын хувь заяаг шийдэх боломжтой Сонгуулийн урьдчилсан дүнгийн хамгийн анхаарал татсан өөрчлөлт нь Арабын намуудын төлөөлөл нэмэгдсэн явдал байв. Аль ч гол эвсэлд харьяалагддаггүй Арабын намууд нийлээд 17–18 суудал авах төлөвтэй байгаа нь тэдний хувьд түүхэн амжилт юм. Өмнөх парламентад эдгээр нам нийлээд 10 суудалтай байжээ.
Арабын “Раам” намын дарга Мансур Аббас тэдний сонгогчдын санал Засгийн газрыг өөрчлөхөд нөлөөлнө гэж мэдэгдсэн бол Арабын намуудын хамтарсан жагсаалтын төлөөлөгч Ахмад Тиби Нетаньяхуг дахин эрх барихаас сэргийлэх байр сууриа өмнө нь илэрхийлж байв.
Сингапурын “S. Rajaratnam School of International Studies” сургуулийн ахлах судлаач Амин Сайкалын үзэж буйгаар Арабын намуудын Палестиныг дэмжсэн байр суурь нь тэднийг Нетаньяхугийнхаас илүү Айзенкотын эвсэлтэй ойртуулж байгаа аж. Гэхдээ хоёр удирдагчийн аль нь ч эдгээр намтай хамтран Засгийн газар байгуулахаа тодорхой мэдэгдээгүй байна.
“Geopolitical Strategy” байгууллагын ахлах стратегич Майкл Феллер Айзенкотын эвсэл илүү олон суудал авсан ч Арабын болон зүүний намуудын оролцоогүйгээр парламентын олонх бүрдүүлэхэд хүндрэлтэй гэж үзжээ. Мөн Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдсөн ч Иран, Палестин болон үндэсний аюулгүй байдлын бодлогод томоохон өөрчлөлт гарахгүй байж болохыг тэрбээр онцолсон байна.
Гэвч Айзенкотын сөрөг хүчний эвсэлд багтаж буй “Yisrael Beytenu” намын удирдагч Авигдор Либерман сонгуулийн кампанит ажлын үеэр Арабын намуудын дэмжлэгт тулгуурлан Засгийн газар байгуулахыг эсэргүүцсэн. Тус нам урьдчилсан тооцоогоор 7–9 суудал авах төлөвтэй байгаа нь сөрөг хүчний доторх байр суурийн зөрүүг илэрхийлж байна.
Нетаньяху сонгуулийн өдөр Арабын иргэдийн санал хураалтад идэвхтэй оролцож буйг онцлон анхааруулж, Мансур Аббас болон Ахмад Тиби нарын оролцоотой Засгийн газар байгуулагдаж болзошгүй гэж мэдэгдсэн. Түүний энэ байр суурийг улс төрийн өрсөлдөгчид арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан шинжтэй хэмээн шүүмжилжээ.
Сонгуулийн эцсийн дүн гарсны дараа эвслүүдийн хооронд Засгийн газар байгуулах хэлэлцээ өрнөнө. Аль ч тал олонх бүрдүүлж чадахгүй бол улс төрийн гацаа үргэлжлэх нь ч ойлгомжтой. Судлаачдын үзэж буйгаар Нетаньяху эрх мэдлээ хадгалахын тулд шинэ Засгийн газар байгуулах үйл явцыг удаашруулахыг оролдож магадгүй байна.
Холбоотой мэдээ





