Трэвис Найт: Хиймэл оюун бол хулгай, түүнд хүн чанар, сүнс байхгүй
АНУ-ын стоп-моушн анимэйшн үйлдвэрлэгч “LAIKA” студийн найруулагч, гүйцэтгэх захирал Трэвис Найт кино бүтээх үйл явцад хиймэл оюун ашиглахыг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.

АНУ-ын стоп-моушн анимэйшн үйлдвэрлэгч “LAIKA” студийн найруулагч, гүйцэтгэх захирал Трэвис Найт кино бүтээх үйл явцад хиймэл оюун ашиглахыг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Тэрбээр “The Playlist” хэвлэлийн “The Discourse” подкастад оролцох үеэрээ хиймэл оюун хүний олон жилийн бүтээлч хөдөлмөрийн үр дүнд тулгуурладаг учраас урлагийн бүтээлийг машин бус хүн туурвих ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн байна.
Трэвис Найт мөн “Хиймэл оюун бол хулгай” хэмээн үзэж буйгаа онцолж, “Түүнд хүн чанар, сүнс байхгүй” хэмээжээ.
Найтын үзэж буйгаар хүний амьдралын туршлага, сэтгэл хөдлөл нь уран бүтээлийн үнэ цэнийг тодорхойлдог. Тэрбээр машин хэзээ ч дурлаж, хайртай хүнээ алдаж, сэтгэл зүрх нь шархалж үзээгүй учраас ийм туршлагыг өгүүлэх бүтээлийг хүн өөрөө туурвих шаардлагатай гэжээ.
Хиймэл оюуны оролцоотой бүтээлүүд газар авч байна Сүүлийн жилүүдэд кино, анимэйшн үйлдвэрлэлд хиймэл оюуныг дүрслэл, хөдөлгөөнт зураг, тусгай эффект бүтээхэд ашиглах нь нэмэгдэж байна. Тухайлбал, “Netflix” энэ оны эхний хагаст 300 орчим бүтээлийн үйлдвэрлэлийн тодорхой үе шатанд үүсгэгч хиймэл оюун ашигласнаа мэдээлсэн бол “Adobe” уламжлалт анимэйшн болон хиймэл оюуныг хослуулсан богино хэмжээний кинонуудыг танилцуулжээ. Ийнхүү технологийн хэрэглээ өргөжихийн хэрээр уран бүтээлчдийн оролцоо, зохиогчийн эрх, хиймэл оюунаар бүтээсэн контентын үнэлгээ кино урлагийн салбарт анхаарал татах болсон юм.
Үүнтэй холбоотойгоор Америкийн кино урлаг, шинжлэх ухааны академи энэ онд баталсан дүрэмдээ хиймэл оюун ашигласан бүтээлийг үнэлэхдээ хүний бүтээлч оролцоог харгалзахаар заасан бөгөөд зохиолын төрөлд нэр дэвшиж буй бүтээлийн зохиолыг хүн бичсэн байх, жүжигчний төрөлд хүний бодитоор бүтээсэн дүрийг үнэлэх шаардлага тавьсан байна.
Стоп-моушн анимейшний жинхэнэ үнэ цэн хүний оролцоо байдаг Харин Трэвис Найтын удирддаг “LAIKA” студи компьютер технологийг ашигладаг ч анимэйшн бүтээхдээ хүний гар ажиллагаанд тулгуурласан стоп-моушн аргыг голлон хэрэглэдэг. Стоп-моушн анимэйшн нь бодит хүүхэлдэй, эд зүйлсийн байрлалыг бага багаар өөрчилж, хөдөлгөөн бүрийг тусад нь зураг авснаар амьд мэт дүрслэл бий болгодог арга юм. Иймээс компьютерээр дүрс үүсгэх бусад аргуудтай харьцуулахад их хэмжээний гар ажиллагаа, цаг хугацаа шаарддаг.
Найт энэ аргыг кино бүтээх хамгийн хүнд хэлбэрүүдийн нэг гэж тодорхойлсон ч уран бүтээлчдийн оролцоо нь эцсийн бүтээлд онцгой үнэ цэн нэмдэг гэж үздэг ажээ.
“LAIKA” студи хүүхдэд зориулсан анимэйшн бүтээлдээ айдас төрүүлэх дүрслэл, сэтгэлзүйн хүнд сэдвийг тусгадгаараа онцлогтой. Тус студийн онцлох бүтээлүүдээс дурдвал “Coraline”, “The Boxtrolls”, "Kubo", "Paranorman" болон энэ онд нээлтээ хийсэн “Wildwood” кинонууд байна.
Холбоотой мэдээ





