"Ногоон туг" намируулсан залуу байсан ч зурхай нь таарахгүй бол сонирхохгүй ээ...
“EduBirdie”-ийн судалгаагаар Z үеийн эмэгтэйчүүдийн 78 хувь, эрэгтэйчүүдийн 71 хувь нь болзож буй хүнийхээ ордыг шалгадаг гэж хариулжээ.

Болзож буй хүнийхээ зан чанар, сонирхол, үнэт зүйлсээс гадна төрсөн орд, Сугар гарагийн байрлал болон бусад гараг эрхсийн зохицлыг харгалзан үзэх хандлага Z үеийн зарим залуусын дунд дэлгэрч буй. Тэдний хувьд зурхай нь зөвхөн сонирхолтой таамаг төдий бус, хэнтэй болзох, хэнтэй дотно харилцаа эхлүүлэхээ шийдэх нэг шалгуур болоод байгаа юм.
Боловсролын үйлчилгээ үзүүлэгч “EduBirdie”-ийн нийтэлсэн Generation Zodiac судалгаагаар Z үеийн эмэгтэйчүүдийн 78 хувь, эрэгтэйчүүдийн 71 хувь нь болзож буй хүнийхээ ордыг шалгадаг гэж хариулсан байна. Мөн эрэгтэйчүүдийн 31 хувь, эмэгтэйчүүдийн 23 хувь нь зурхайн зохицол таарахгүй гэж үзсэн хүнтэй болзохоос татгалзана гэжээ.
Тухайлбал, залуус зурхайн зохицлыг шалгахдаа Сугар гарагийн байрлал болон төрсөн үеийн бусад гараг эрхсийн байрлалыг харьцуулдаг. Ийм аргаар ирээдүйн үл ойлголцол, харилцааны нийцгүй байдлыг урьдчилан мэдэхийг зорьдог аж. Сугар гараг нь зурхайд хайр сэтгэл, харилцаа, гоо сайхан, үнэ цэн болон санхүүг удирддаг.
Залуусын хайр дурлалын талаарх зөвлөгөө хайх сонирхол зурхайгаас цааш өргөжиж байгааг болзооны мэдээллийн “DatingNews” платформын аравдугаар сарын 6-нд нийтэлсэн судалгаа харуулж байна.
Тодруулбал, АНУ-ын 1,000 гаруй насанд хүрэгчийг хамруулсан цахим асуулгад оролцсон Z үеийн залуусын 64 хувь нь хайр дурлалын амьдралаа сайжруулахын тулд ямар нэгэн сүнслэг зан үйл, мэргэ төлөг эсвэл хүсэл биелүүлэх аргыг туршиж үзсэн гэж хариулсан байна.
Тухайлбал, 29 хувь нь хүссэн харилцаагаа төсөөлөх, бичиж тэмдэглэх арга хэрэглэсэн бол 25 хувь нь мэргэ төлөгчид хандаж, 17 хувь нь тарот хөзрөөр мэргэлүүлжээ. Мөн 19 хувь нь хайр дурлалтай холбоотой зан үйл хийлгэхээр төлбөр төлсөн гэж мэдэгдсэн байна. Болзооны аппликейшнээс залхах, харилцааны ирээдүйн талаар тодорхой хариулт хүсэх зэрэг нь залуус ийм зүйлс сонирхох болсонтой холбоотой байж болох юм.
Зурхайд итгэх хандлага нас, хүйсийг харвал АНУ-ын 9,593 насанд хүрэгчийг хамруулсан судалгаагаар 18–49 насны эмэгтэйчүүдийн 43 хувь нь зурхайд итгэдэг бол ижил насны эрэгтэйчүүдийн хувьд энэ тоо 20 хувь байжээ. Мөн нийт оролцогчдын 27 хувь нь зурхайд итгэдэг хэмээн хариулсан бөгөөд 2017 оны ижил асуултад өгсөн 29 хувийн хариулттай харьцуулбал энэ статистик тоо мэдэгдэхүйц өөрчлөгдөөгүй байгаа юм.
Тус судалгааны талаар “Deseret News” хэвлэлд тайлбар өгсөн “Pew Research Center”-ийн судлаач Майкл Ротоло зурхай, мэргэ төлөг сонирхох байдал хүн амын бүлгүүдийн хооронд ихээхэн ялгаатай байгааг онцолжээ. Тэрбээр хүмүүс эдгээр аргыг яагаад ашигладаг, тэдгээрээс юу олж авахыг хүсдэг талаар цаашид илүү нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай гэж тайлбарласан байна.
Гэхдээ зурхай сонирхдог хүн бүр түүнд үндэслэн амьдралын чухал шийдвэр гаргадаггүй аж. “Pew Research Center”-ийн судалгаанд оролцогчдын дийлэнх нь зурхай, таро карт болон мэргэ төлгийг зугаа цэнгэл, өөрийгөө эргэцүүлэх зорилгоор ашигладаг бөгөөд цөөн хэсэг нь чухал шийдвэр гаргахдаа эдгээрт ихээхэн найддаг гэжээ.
Холбоотой мэдээ





