Японы Төв банк суурь инфляц 2 хувийн зорилттой нийцэж байгааг анх удаа хүлээн зөвшөөрлөө
Японы Төв банк 2013 онд инфляцын 2 хувийн зорилт тогтоосноос хойш анх удаа суурь инфляцын түвшин уг зорилттой нийцэж байгааг мэдэгдлээ. Төв банк бодлогын хүүгээ 1.

Японы Төв банк аравдугаар сарын 30-ны мөнгөний бодлогын шийдвэрийнхээ үеэр суурь инфляцын түвшин 2 хувийн зорилттой ерөнхийдөө нийцэж байгааг мэдэгдлээ. Тус банк 2013 онд инфляцын зорилтоо тогтоосноос хойш анх удаа ийм дүгнэлт хийсэн нь Японы эдийн засагт үнийн өсөлт тогтворжиж буйг илтгэх чухал өөрчлөлт болов.
Өмнө нь Төв банк суурь инфляцыг 2 хувийн зорилтод ойртож байна гэж тодорхойлдог байв. Харин аравдугаар сарын тайландаа уг түвшинд ерөнхийдөө хүрсэн бөгөөд цаашид ч зорилтын түвшинд хадгалагдана гэж үзжээ.
Гэсэн хэдий ч Төв банк бодлогын хүүгээ 1.25 хувьд хэвээр үлдээсэн нь 1995 оноос хойших дээд түвшин юм. Шийдвэрийг мөнгөний бодлогын зөвлөлийн есөн гишүүний найм нь дэмжсэн бол гишүүн Хажимэ Таката бодлогын хүүг 1.5 хувь болгон өсгөх санал гаргаж, эсрэг байр суурь илэрхийлжээ.
2027 оны инфляцын төсөөллийг 2.6 хувь болгон нэмэгдүүллээ
Японы Төв банк 2027 оны санхүүгийн жилийн хүнсний шинэ бүтээгдэхүүний үнийг хасаж тооцсон инфляцын төсөөллөө 2.4 хувиас 2.6 хувь болгон өсгөжээ. Мөн хүнсний шинэ бүтээгдэхүүн болон эрчим хүчний үнийг хассан инфляцын төсөөллийг 2.6 хувиас 2.7 хувь болгон нэмэгдүүлсэн байна.
Төв банкны үзэж буйгаар компаниуд цалин болон бүтээгдэхүүний үнээ өсгөх хандлага руу улам шилжиж байгаа нь суурь инфляц 2 хувийн зорилтыг давж өсөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол үргэлжилж, цалингийн өсөлт бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэд тусах үйл явц идэвхжжээ. Үүний зэрэгцээ дунд болон урт хугацааны инфляцын хүлээлт 2 хувийн орчимд хүрснийг Төв банк онцолсон байна.
Эдийн засагчид бодлогын хүү дахин өснө гэж хүлээж байна “CNBC”-ийн шийдвэр гарахаас өмнө 16 эдийн засагчийн дунд явуулсан судалгаанд оролцогчид бүгд Японы Төв банк арванхоёрдугаар сар эсвэл ирэх оны нэгдүгээр сард хүүгээ дахин өсгөх суурийг тавина гэж үзжээ.
Судалгаанд оролцсон 13 эдийн засагч 2027 оны дунд үе гэхэд бодлогын хүү 1.75–2 хувьд хүрч, мөнгөний бодлого чангатгах мөчлөг тэр түвшинд зогсоно гэж таамагласан байна.
Японд иений ханш сул, эрчим хүчний үнэ өндөр байгаа нь инфляцыг өсгөх хүчин зүйлсийн нэг болжээ. Харин Такаичигийн Засгийн газраас эрчим хүчний үнийг бууруулахад чиглэсэн татаас олгож байгаа нь хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг тодорхой хэмжээнд хязгаарлаж байгааг шинжээчид CNBC-д тайлбарласан байна.
Есдүгээр сард хүнсний шинэ бүтээгдэхүүний үнийг хассан инфляц жилийн 2.1 хувьд хүрч, 2026 оны хамгийн өндөр түвшинд очсон нь зах зээлийн хүлээлтээс давжээ.
Үүнээс гадна наймдугаар сард инфляцаар тохируулсан бодит цалин өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар өссөн байна. Ингэснээр бодит цалин найман сар дараалан нэмэгдсэн нь Японы инфляц зөвхөн импортын зардлаас бус, дотоодын цалингийн өсөлтөөс хамаарах хандлага бэхжиж байгааг харуулж байна.
Японы Сангийн сайд Сацуки Катаяма аравдугаар сарын 21-нд парламентад мэдээлэл өгөхдөө тус улс цалингийн өсөлтөөр дэмжигдсэн тогтвортой инфляцын үе рүү шилжих босгон дээр ирснийг онцолжээ.
Холбоотой мэдээ





