“Binance” биржийн аюулгүй байдлын асуудлаас үүдэн Биткойны ханш $78,000 -оос буурлаа
Дэлхийн хамгийн том крипто бирж “Binance”-д хакерын халдлага гарсан байж болзошгүй гэх мэдээллийн улмаас Биткойны ханш 4 гаруй хувиар буурч, 77,994.96 ам.долларт хүрлээ.

Энэ баасан гарагт крипто зах зээлд огцом савлагаа үүсэж, Биткойны ханш сэтгэл зүйн чухал зааг болох 80,000 ам.долларын түвшнээс буурлаа. Харин Этериум 4.84 хувиар буурч, 2,247.45 ам.доллар болсон бол “Binance” биржийн BNB токен 7.68 хувиар унаж, 694.45 ам.долларт хүрчээ.
Харин энэхүү уналтын эсрэг “Hyperliquid” платформын HYPE токен 9.7 хувиар нэмэгдэж, 89.08 ам.долларт хүрсэн байна. Уг савлагаа нь “Binance” биржид аюулгүй байдлын зөрчил гарсан байж болзошгүй гэх мэдээлэл тархсантай шууд холбоотой юм.
Пүрэв гарагт крипто салбарын хэд хэдэн компани сэжигтэй халдлагатай холбоотой зангилаа бүхий нийт 2.54 тэрбум ам.долларын хөрөнгийг царцаах арга хэмжээ авчээ. Тухайлбал, “Circle” компанийн гүйцэтгэх захирал Жереми Аллэйр 800 сая гаруй ам.долларын USD Coin-ийг царцааснаа мэдэгдсэн бол “Tether” компанийн гүйцэтгэх захирал Паоло Ардоино халдлагад өртсөн байж болзошгүй 1.5 тэрбум гаруй ам.долларын USDT гүйлгээг зогсоосон гэж мэдээлэв.
Үүнээс гадна “Binance”-ийг хамтран үүсгэн байгуулагч И Хэ-ийн бичсэнээр “Ripple” компани 200 сая ам.долларын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг амжилттай хаасан байна. Судалгааны “Arkham Intelligence” фирм мөн сэжигтэй сүлжээнд холбогдох 55 хэтэвчинд нийт 6 орчим тэрбум ам.долларын дижитал актив байгааг илрүүлжээ.
“Binance” компанийн зүгээс цахим халдлага гарсныг хараахан албан ёсоор баталгаажуулаагүй бөгөөд аюулгүй байдлын асуудлыг идэвхтэй шалгаж байгаагаа илэрхийллээ. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч “Манай баг аюулгүй байдлын боломжит эрсдэлийн талаарх мэдээллийг нягтлан шалгаж байна" гэдгийг мэдэгдэж, "Хэрэглэгчдийн хөрөнгө аюулгүй байгаа” гэдгийг мэдэгдсэн юм.
Сүүлийн жилүүдэд крипто биржүүд цахим халдлагад өртөх тохиолдол тасрахгүй байна. Тухайлбал, 2025 онд “Bybit” бирж цахим халдлагын улмаас 1.5 тэрбум орчим ам.долларын хохирол амссан бол саяхан “Bitget” бирж 350 сая гаруй ам.долларын дижитал хөрөнгөө алдсан юм.
Холбоотой мэдээ





