Хоол зүйчид уураг ихтэй хөнгөн зууш сонгохдоо эслэг, сахар болон бусад орц найрлагыг анхаарахыг зөвлөж байна
Уураг ихтэй жигнэмэг, чипс, шоколадан батончик зэрэг бүтээгдэхүүний савлагаа хэрэглэгчдэд эрүүл сонголт мэт сэтгэгдэл төрүүлдэг ч шим тэжээлийн чанар нь харилцан адилгүй байдаг аж.

Сүүлийн жилүүдэд хүнсний дэлгүүрийн лангуун дээр уургийн агууламжаараа өрсөлдсөн жигнэмэг, чипс, шоколадан батончик зэрэг бүтээгдэхүүн олширчээ. Үйлдвэрлэгчид эдгээрийг өлсөх мэдрэмжийг бууруулж, бие махбодыг шаардлагатай шим тэжээлээр хангах эрүүл сонголт хэмээн сурталчилдаг. Гэвч савлагаан дээрх “уураг ихтэй” гэсэн тэмдэглэгээ нь тухайн бүтээгдэхүүний нийт шим тэжээлийн чанарыг илэрхийлэхгүй гэдгийг хоол зүйчид анхааруулж байна. АНУ-ын “Cleveland Clinic” эмнэлгийн хоол зүйч Бет Червоны тайлбарласнаар хүн бүр уургийн хэрэглээгээ нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн ойлголт түгсэн нь ийм бүтээгдэхүүний нийлүүлэлт өсөхөд нөлөөлжээ. Гэвч уураг нэмсэн зарим жигнэмэг, батончик нь сахар, ханасан өөх тосны агууламжаараа энгийн амттанаас төдийлөн ялгаагүй байдаг аж. Хүнсний савлагаан дээр нэг эерэг шинж чанарыг онцолсноор хэрэглэгч тухайн бүтээгдэхүүнийг бүхэлд нь эрүүл гэж үнэлэх үзэгдлийг маркетингийн салбарт health halo буюу эрүүл гэсэн төөрөгдүүлсэн сэтгэгдэл хэмээн нэрлэдэг.
Уураг ихтэй ч яагаад хурдан өлсгөдөг вэ? Уураг нь булчингийн нөхөн төлжилт, цатгалан мэдрэмжийг дэмжихэд чухал үүрэгтэй. Гэхдээ өлсөх мэдрэмжийг зохицуулахад эслэг мөн чухал нөлөө үзүүлдэг. АНУ-ын “Penn Medicine” байгууллагын хоол зүйч, чихрийн шижингийн сургагч Каролин Миханы тайлбарласнаар уураг ихтэй хөнгөн зуушны заримд цатгалан мэдрэмжийг хадгалахад шаардлагатай эслэг хангалтгүй байдаг аж. Эслэг нь хоол боловсрох явцыг удаашруулж, цатгалан мэдрэмжийг уртасгахад тусалдаг. Тиймээс уураг ихтэй боловч эслэг багатай батончик идсэн хүн удалгүй дахин өлсөх боломжтой юм.
Боловсруулсан хүнсний найрлага яагаад чухал вэ? 2024 оны судалгаагаар уураг агуулсан батончикуудын найрлагаас хамааран цатгалан мэдрэмжтэй холбоотой биологийн үзүүлэлтүүд ялгаатай байжээ. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний уургийн хэмжээ дангаараа хэр удаан цатгалан байлгахыг тодорхойлох боломжгүй аж. Мөн 2025 онд “Nature Reviews Endocrinology” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тоймд хэт боловсруулсан хүнсний хэрэглээ болон хоолны дуршлыг зохицуулах физиологийн механизмын хоорондын хамаарлыг авч үзсэн байна. Зарим уургийн батончикт хэрэглэдэг чихрийн спирт, нэмэлт эслэг зэрэг орц нь мэдрэг хүмүүст гэдэс дүүрэх, хий үүсэх, хэвлийгээр өвдөх шалтгаан болдог. Харин давсны агууламж өндөр бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх нь натрийн нийт хэрэглээг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Ялангуяа чихрийн шижин, инсулины эсэргүүцэл болон бодисын солилцооны эмгэгтэй хүмүүс бүтээгдэхүүний нийт нүүрс ус, нэмэлт сахар, эслэгийн хэмжээг анхаарах шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөжээ.
Эрүүл хөнгөн зуушийг хэрхэн сонгох вэ? Хоол зүйч Каролин Михан уургийн хэмжээг дангаар нь үнэлэхийн оронд уураг, эслэг, эрүүл өөх тосыг хослуулсан хүнс сонгохыг зөвлөж байна. Тухайлбал, жимсийг самрын нухаштай, эсвэл грек тарагийг чиа үртэй хослуулан хэрэглэх нь уураг болон эслэгийг зэрэг авах боломж олгоно. Самар, үр, бүхэл үрийн бүтээгдэхүүн, буурцагт ургамал ч хөнгөн зуушны сонголт байж болно. Бэлэн савласан бүтээгдэхүүн сонгохдоо зөвхөн нүүрэн талын сурталчилгааг бус, арын шошгон дээрх шим тэжээлийн хүснэгтийг унших нь чухал. Ялангуяа нэг удаагийн хэрэглээнд ногдох уураг, эслэг, нэмэлт сахар, ханасан өөх тос, натрийн хэмжээг хамтад нь харьцуулах хэрэгтэй. Иймээс уураг нэмсэн бүтээгдэхүүн бүрийг эрүүл бус гэж үзэх үндэслэлгүй ч уургийн өндөр агууламж нь тэнцвэртэй хооллолтыг орлохгүй. Хэрэглэгчийн хувьд хамгийн зөв сонголт нь савлагаан дээрх нэг тооноос илүү тухайн хүнсний нийт найрлага, шим тэжээлийн чанарт анхаарах юм.
Холбоотой мэдээ





