Хятадын технологийн STAR50 индекс 40 хувиар унаж, $480 тэрбум салхинд хийсээд байна
Хятадын хиймэл оюун, хагас дамжуулагчийн тэргүүлэх компаниудыг багтаасан STAR50 индекс дөрөв хүрэхгүй сарын хугацаанд 40 хувиар унаж, зах зээлийн үнэлгээнээс 480 тэрбум ам.доллар арчигджээ.

Хятадын хагас дамжуулагч болон хиймэл оюуны тэргүүлэх компаниудыг багтаасан STAR50 индекс дөрөв хүрэхгүй сарын хугацаанд 40 хувиар буурснаар зах зээлийн үнэлгээнээс 480 тэрбум ам.доллар арчигдсан байна.
Зах зээлийн уналт технологийн салбараас хальж, улмаар Хятадын томоохон компаниудын хувьцааг багтаасан CSI300 индекс зургадугаар сарын түүхэн дээд түвшнээсээ 20 орчим хувиар буурчээ. Ингэснээр эдийн засгийг дэмжих бодлогын хүлээлтээр хоёр жил үргэлжилсэн хувьцааны зах зээлийн өсөлт саараад байна.
Харин энэ үеэр АНУ-ын технологийн Nasdaq индекс гурван долоо хоногийн өмнө тогтоосон дээд түвшнээсээ зургаан хувиар буураад буй.
Хиймэл оюуны компаниудын үнэлгээ хөөрөгдсөн үү?
Шинжээчдийн үзэж буйгаар хөрөнгө оруулагчид компаниудын өндөр үнэлгээ, хиймэл оюуны эрэлтийн тогтвортой байдал болон худалдааны бодлогын эрсдэлийг үнэлж эхэлсэн нь Хятадын технологийн салбарын үнэлгээ унахад голлон нөлөөлжээ.
STAR50 индексэд багтдаг компаниудын хувьцаа одоогоор сүүлийн 12 сарын ашгаасаа дунджаар 100 дахин өндөр үнэлгээтэй арилжаалагдаж байна. Энэ үзүүлэлт өмнө нь бараг 250 дахин өндөр байсан бол АНУ-ын Nasdaq 100 индексийнх 30 орчим дахин их байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Хятадын технологийн хувьцааны ханш огцом буурсан ч компаниудын ашигтай харьцуулсан үнэлгээ өндөр хэвээр байгаа учраас ханшийн уналт цааш үргэлжилж болзошгүй гэж зарим хөрөнгө оруулагч үзэж байна.
“Goldman Sachs”-ийн тооцоогоор хиймэл оюунтай холбоотой компаниуд Хятадын эх газрын болон Хонконгийн хувьцааны зах зээлийн нийт үнэлгээний 42 хувь, арилжааны эргэлтийн 57 хувийг бүрдүүлжээ. Ийнхүү технологийн компаниудын хувьцаанд их хэмжээний хөрөнгө оруулалт төвлөрсөн тул ханшийн уналтаас олон хөрөнгө оруулагч алдагдал хүлээжээ.
Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан компаниудын ханш тал хувиар буурав
Хятадын робот үйлдвэрлэгч “Unitree” компани хувьцаагаа анх IPO хийхэд жижиг хөрөнгө оруулагчдын захиалга санал болгосон хэмжээнээс 8,000 дахин давж байжээ. Гэвч наймдугаар сард хувьцаагаа олон нийтэд арилжаалж эхэлснээс хойш ханш нь 50 хувиар буурсан байна.
Мөн санах ойн чип үйлдвэрлэгч “CXMT”-ийн хувьцааны ханш сүүлийн нэг сарын хугацаанд 25 гаруй хувиар унажээ. Мөн өнгөрсөн онд “MetaX Integrated Circuits”-ийнх 700 хувиар өсч, “Moore Threads Technology” компанийнх 400 хувиар нэмэгдсэн ч долдугаар сараас хойш өсөлтийнхөө тал орчмыг алдсан байна.
АНУ-ын дата төвүүдэд тоног төхөөрөмж нийлүүлдэг Хятадын оптик эд анги үйлдвэрлэгч “Zhongji Innolight”, “Eoptolink Technology” компаниудын хувьцааны ханш ч зургаа, долоодугаар сард хүрсэн дээд түвшнээсээ 60 орчим хувиар унажээ. АНУ эдгээр компанийн бүтээгдэхүүнийг дата төвүүддээ ашиглахыг хязгаарлах бодлого баримталж байгаа нь ханшийн бууралтад нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг болсон байна.
Технологийн компаниуд санхүүжилт олох хэцүү болжээ
Хятадын эрх баригчид хувьцааны зах зээлийн огцом өсөлт, уналтын мөчлөгийг сааруулж, тогтвортой өсөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж ирсэн. Гэвч технологийн хувьцааны эрчимтэй өсөлт богино хугацаанд эргэснээр уг бодлогоо тогтвортой үргэлжлүүлэхэд хүндрэл учирч эхлэв.
Хонконгийн “Lotus Asset Management” компанийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Хон Хаогийн үзэж буйгаар зах зээлийн өнөөгийн нөхцөл олон компанийн IPo хийх төлөвөлөгөөг зогсоох эрсдэлтэй байгаа юм.
Гэсэн хэдий ч зарим хөрөнгө оруулагч Хятадын технологийн салбарын өсөлтөд итгэлтэй хэвээр байна. “HSBC”-ийн судалгаагаар Азийн хөрөнгө оруулалтын сангууд сүүлийн гурван сард Хятадын хувьцааг зарж, санал болгохоо зогсоосон ч тус улсын зах зээлд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь бусад зах зээлтэй харьцуулахад өндөр хэвээр байгаа аж.
Түүнчлэн “Goldman Sachs” банк хиймэл оюуны салбараас санал болгож буй компаниудын жагсаалтдаа Хятадын “Zhongji Innolight”, “CXMT”-ийг багтаажээ.
Холбоотой мэдээ



