Жим Крамер: Хөрөнгө оруулагчид “гоё түүх”-ээс илүү бодит хэрэгжилтийг харах хэрэгтэй
CNBC-ийн хөтлөгч Жим Крамер хиймэл оюун, үүлэн дэд бүтэц, цөмийн эрчим хүч зэрэг эрэлттэй салбарт өсөлтийн хүлээлтээс гадна бизнесийн бодит хэрэгжилтийн чадварыг анхаарах хэрэгтэйг онцоллоо. Тэрбээр “NuScale Power” болон “Nuvation Bio”-д болгоомжтой хандаж, неоклаудын компаниудаас “CoreWeave”-ийг илүүд үзэж байгаагаа илэрхийллээ. Харин үүлэн контент удирдлагын “Box”-ийн өсөлтийн төлөвийг эергээр үнэлсэн нь ижил төстэй өсөлтийн түүхтэй компаниудын эрсдэл харилцан адилгүйг харуулж байна.

CNBC-ийн “Mad Money” нэвтрүүлгийн хөтлөгч Жим Крамер хэд хэдэн компанийн хувьцааг үнэлэхдээ хөрөнгө оруулагчид зах зээлд эрэлттэй сэдвийг дагахаас илүү тухайн бизнесийн бодит хэрэгжилт, салбарын онцлог эрсдэлийг харгалзах хэрэгтэйг онцоллоо.
Хиймэл оюун, үүлэн тооцооллын дэд бүтэц болон эрчим хүчтэй холбоотой компаниуд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж буй үед Крамер компани тус бүрийн эрсдэлийг ялгаж харах байр суурь баримталжээ.
Цөмийн эрчим хүчний хэрэгжилт амаргүй
Жижиг модульчлагдсан цөмийн реактор хөгжүүлэгч “NuScale Power”-ийн талаар Крамер болгоомжтой байр суурь илэрхийлэв. Түүний үзэж буйгаар цөмийн цахилгаан станц байгуулахад технологиос гадна бүтээн байгуулалт, хугацаа болон бусад бодит хэрэгжилтийн хүндрэл тулгардаг.
Крамер энэ талаар “Хүмүүс цөмийн цахилгаан станц барих нь төсөөлж буйгаас хавьгүй хэцүү, маш хүндрэлтэй” гэдгийг хэлжээ.
Тэрбээр CNBC Investing Club-ийн багцад эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “GE Vernova”-ийг эзэмшдэгээ дурдаж, цөмийн эрчим хүчний өсөлтөөс ашиг хүртэхдээ илүү төрөлжсөн бизнесийг сонгож буйгаа тайлбарлав.
Неоклаудаас “CoreWeave”-ийг онцлов
Хиймэл оюуны тооцоололд зориулсан үүлэн дэд бүтэц буюу “неоклауд” сегментэд Крамер илүү сонгомол байр суурьтай байна.
Дата төв болон хиймэл оюуны тооцооллын дэд бүтцийн “IREN”-ийн талаар асуухад тэрээр “Хэрэв неоклауд сонгох бол надад таалагддаг цорын ганц компани нь ‘CoreWeave’” гэж хариулжээ.
Хиймэл оюны тооцооллын хүчин чадлын эрэлт нэмэгдэхийн хэрээр неоклауд компаниуд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байгаа ч Крамер салбарын өсөлтийн хүлээлтийг бүх компанид ижил үнэлгээ өгөх үндэслэл гэж үзэхгүй байгаагаа ийнхүү илэрхийлсэн байна
“Box”-д боломж, “Nuvation Bio”-д өндөр эрсдэл харж байна
Үүлэн орчинд байгууллагын контент удирдах үйлчилгээ үзүүлдэг “Box”-ийн талаар Крамер харьцангуй эерэг байр суурьтай байлаа. Тэрбээр компанийн бизнес олон жилийн дараа тэлж эхэлж байгааг онцлоод хувьцааг “эзэмшихэд боломжийн” гэж үнэлэв.
Харин хорт хавдрын эмчилгээ хөгжүүлэгч биотехнологийн “Nuvation Bio”-г “цэвэр спекуляц” хэмээн тодорхойлж, өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалтын ангилалд оруулжээ.
Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Seneca Foods”-ийн талаар Крамер хангалттай мэдээлэлгүй гэдгээ хэлж, хувьцаанд тодорхой үнэлгээ өгөхөөс татгалзсан байна.
Крамерийн тайлбарууд нь хиймэл оюун, эрчим хүч, биотехнологи зэрэг өсөлтийн өндөр хүлээлттэй салбарт компаниудыг зөвхөн зах зээлийн трендээр бус бизнесийн хэрэгжилт болон эрсдэлийн түвшнээр нь ялгаж үнэлэх шаардлагатайг харууллаа.
Холбоотой мэдээ




