АНУ-ын үнэт цаас барьцаалсан зээлийн өсөлт саарсан ч түүхэн дээд түвшинд ойр хэвээр байна
АНУ-ын үнэт цаас барьцаалсан зээлийн жилийн өсөлт тавдугаар сарын 53.7 хувиас есдүгээр сард 31.4 хувь болж саарсан ч нийт үлдэгдэл 1.48 их наяд ам.долларт хүрч, түүхэн дээд түвшинд ойр хэвээр байна.

АНУ-ын хөрөнгийн зах зээл дэх үнэт цаас барьцаалсан зээлийн өсөлт саарч байгаа ч нийт үлдэгдэл түүхэн дээд түвшинд ойр хэвээр байна. Санхүүгийн “FINRA” байгууллагын мэдээллээр есдүгээр сард уг зээлийн хэмжээ 1.48 их наяд ам.долларт хүрч, өмнөх оноос 31.4 хувиар өсчээ. Харин тавдугаар сард зээлийн өсөлт жилийн дүнгээр 53.7 хувь байсан нь 1998 оноос хойших дөрөв дэх өндөр үзүүлэлт болж буй.
Харин есдүгээр сарын эцэс гэхэд зээлийн үлдэгдэл зургадугаар сард бүртгэгдсэн 1.50 их наяд ам.долларын дээд түвшнээс 1.5 хувиар бага байсан ч өмнөх сарынхаасаа 1.8 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл зээлийн өсөлт жилийн дүнгээр саарсан ч нийт өрийн хэмжээ дахин нэмэгджээ.
“Bank of America”-ийн техникийн шинжээч Пол Сиана энэ талаар тайлбарлахдаа зах зээл оргил үедээ хүрэхэд үнэт цаас барьцаалсан зээлийн өсөлт оргил үеэсээ буурч байсан бөгөөд хоорондоо урвуу хамааралтай байв. Тодруулбал, тус банкны судалгаагаар 2000, 2007, 2021 онд зээлийн өсөлт жилийн дүнгээр онцгой өндөр түвшинд хүрэхэд хөрөнгийн зах зээлд томоохон уналтууд ажиглагдаж байжээ.
Үнэт цаас барьцаалсан зээлийн хэмжээ өндөр үед хувьцааны ханш огцом буурвал хөрөнгө оруулагчид барьцаагаа нөхөхийн тулд нэмэлт мөнгө байршуулах шаардлагатай болдог. Хэрэв уг шаардлагыг биелүүлж чадахгүй бол зээл олгосон брокерын байгууллага хөрөнгө оруулагчийн үнэт цаасыг албадан худалдах эрхтэй болно. Ийм тохиолдол олон давтагдаж, хувьцааг олноор борлуулж эхэлбэл ханшийн хэлбэлзэл огцом үүсч, улмаар хөрөнгийн зах зээл унах эрсдэлтэй аж.
Үүнээс гадна “Bank of America” өндөр өгөөжтэй бондын өгөөжийн зөрүү тэлж, хөрөнгө оруулагчид эрүүл мэндийн үйлчилгээ болон өдөр тутмын өргөн хэрэглээний барааны салбар руу хөрөнгөө шилжиж байгааг анхааруулжээ. Эдгээр салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт эдийн засгийн өсөлт саарсан үед ч харьцангуй тогтвортой байдаг тул хөрөнгө оруулагчдын хувьд нэг төрлийн “аюулгүй хөрөнгө” болдог.
Гэвч тус банкны шинжээчид хөрөнгө оруулагчид хөрөнгөө хамгаалах үүднээс эдгээр салбар олноор төвлөрч эхэлсэн нь өөрөө зах зээлийн хөөс үүсгэх эрсдэлтэй түвшинд хүрээд байгааг анхааруулж байна. Шинжээчдийн үзэж буйгаар үүнтэй төстэй хандлага 1990-ээд оны сүүлч үеэрх технологийн хөөс болон цар тахлын үеийн зах зээлийн өсөлтийн үед ажиглагджээ.
Гэсэн хэдий ч АНУ-ын завсрын сонгууль өнгөрсний дараа улс төрийн тодорхойгүй байдал бууч, хөрөнгийн зах зээл түр хугацаанд сэргэх боломжтой гэж Пол Сиана үзэж байна. Түүхэн хандлагаар тус улсын голлох S&P 500 индекс завсрын сонгуулийн дараа өөлт үзүүлэх нь түгээмэл байдаг ч зах зээлд илүү ноцтой эрсдэл үүссэн нөхцөлд уг хандлага өөрчлөгдөж болох юм.
Холбоотой мэдээ




