Хятад улс хиймэл оюуны дэвшилтэт технологийн экспортыг "зангарагтай" хязгаарлахаар төлөвлөж байна
Хятадын Засгийн газар хиймэл оюуны 23 төрлийн технологийн экспортыг хязгаарлах санал боловсруулж, дэвшилтэт загвар болон тэдгээрийг ажиллуулах технологийг хилийн чанадад гаргахад төрийн зөвшөөрөл…

Хятадын Засгийн газар хиймэл оюуны дэвшилтэт загвар, тэдгээрийг хөгжүүлэх болон ажиллуулах технологийн экспортыг хязгаарлах шинэ журам боловсруулжээ. Аравдугаар сарын 16-нд танилцуулсан хуулийн төслийн дагуу Хятадын компаниуд хиймэл оюуны үйлчилгээгээ гадаад зах зээлд борлуулах боломжтой ч технологийн үндсэн загвар, өгөгдөл болон ноу-хауг гадаадын байгууллагад шилжүүлэхэд төрийн зөвшөөрөл шаардагдах юм.
Ингэснээр Хятад улс хиймэл оюуны технологийн оюуны өмч, судалгаа хөгжүүлэлтийг дотооддоо хадгалж, харин гадаад хэрэглэгчдэд цахим платформ болон үүлэн тооцооллын үйлчилгээг ашиглуулахаар зорьж байна.
Зөвлөх үйлчилгээний “Ankura” компанийн Бээжин дэх захирал Альфредо Монтуфар-Хелугийн тайлбарласнаар зах зээл технологийн оюуны өмч, судалгаа хөгжүүлэлтийг дотооддоо хадгалж, гадаадад борлуулах бизнесийн загвар руу хэдийн шилжиж эхэлжээ. Мөн Хятадын эрх баригчдын санал болгож буй зохицуулалт уг чиг хандлагатай нийцэж байгааг онцлов.
Дэвшилтэт загваруудыг экспортын хяналтад хамруулна Хуулийн төсөлд хиймэл оюунтай холбоотой 23 төрлийн технологийг экспортлохыг хязгаарлах жагсаалтад нэмэхээр тусгажээ. Үүнд дэвшилтэт хиймэл оюуны загвар, агент, хагас дамжуулагчийн загвар зохион бүтээх технологи болон томоохон тооцооллын төвүүдийг ажиллуулах шийдлүүд багтаж байна.
Хязгаарлалтад хамруулах хиймэл оюуны загварыг сургалтад зарцуулсан тооцооллын хэмжээ, параметрийн тоо болон олон улсын үнэлгээ гэсэн гурван шалгуурт үндэслэх юм.
Тухайлбал, загварыг сургахад (10^{26}) тооцооллын үйлдэл шаардсан, хоёр их наяд ба түүнээс дээш параметртэй эсвэл гүйцэтгэл, хэрэглээ, үр ашгийн тодорхой үнэлгээгээр дэлхийн шилдэг 10-т багтсан бол экспортын хязгаарлалтад хамрагдахаар байгаа юм. Мөн эдгээр шалгуурын аль нэгийг хангасан загварт зохицуулалт үйлчлэхээр төсөлд тусгажээ.
Гадаадын дата төв ашигладаг компаниудад хүндрэл үүсэж болзошгүй Шинэ зохицуулалт нь Хятадын “DeepSeek”, “Moonshot”, “Z.AI” зэрэг хиймэл оюун хөгжүүлэгчийн хилийн чанад дахь үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй байна. Эдгээр компани гадаад хэрэглэгчдэд цахим платформ болон үүлэн платформоор дамжуулан хиймэл оюуны загваруудаа ашиглуулдаг аж.
"Reuters" агентлагт яриа өгсөн ойрын эх сурвалжийн мэдээлснээр Хятадын компаниуд нэг загвараа дотоод болон гадаад зах зээлд зориулсан тусдаа хоёр хувилбаруудыг хөгжүүлэх шаардлагатай болж магадгүй байна.
Гадаадын хөрөнгө оруулалт, технологийн худалдан авалтыг хамарна Шинэ зохицуулалт нь Хятадын хиймэл оюуны технологийг гадаадын компаниуд худалдан авах, эзэмшихэд мөн үйлчилж болзошгүй байна. Тухайлбал, аравдугаар сарын 16-наас хэрэгжиж эхэлсэн бүртгэлийн түр шаардлага нь өмнө нь эхэлсэн зарим худалдан авалтын хэлцэлд ч үйлчилж болохыг хуулийн “Fangda” фирм мэдээлжээ.
Мөн хиймэл оюуны 10,000- гаруй чипийг нэгэн зэрэг ажиллуулах технологийг экспортын хяналтад хамруулахаар төлөвлөсөн байна. Хэдийгээр Хятадын компаниуд гадаадад өөрсдийн дата төвийг байгуулахад зөвшөөрөл авах хялбаршуулсан журам үйлчлэх боловч ийм технологийг гадаадын компанид шилжүүлэхэд уг хөнгөлөлт хамаарах эсэх нь тодорхойгүй байна.
Шинжээчдийн үзэж буйгаар Хятад улс АНУ-ын технологийн хязгаарлалтын хариуд хиймэл оюуны салбарын хяналтаа чангатгаж байна. АНУ Хятад руу дэвшилтэт чип, технологи нийлүүлэхийг хязгаарлаж байгаа бол Хятад улс өөрийн хөгжүүлсэн хиймэл оюуны технологийг гадаадад шилжүүлэхэд хяналт тогтоохоор зорьж байгаа юм.
Журмын төсөлд арваннэгдүгээр сарын 15 хүртэл санал авах бөгөөд Хятадын эрх баригчид оны эцэс гэхэд батлахаар төлөвлөж байгааг “Reuters” эх сурвалжаас эш татан мэдээлжээ.
Холбоотой мэдээ





