“HSBC” энэ оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа танилцуулахаас өмнө $1 тэрбумын хувьцаагаа эргүүлэн худалдан авна
Европын хамгийн том банк болох “HSBC”-ийн ашиг гуравдугаар улиралд 9.63 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 32 хувиар өсчээ.

Европын хамгийн том банк болох “HSBC”-ийн ашиг гуравдугаар улиралд 9.63 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 32 хувиар өсчээ. Гэсэн хэдий ч тус банкны ашиг шинжээчдийн 9.69 тэрбум ам.долларын таамагт хүрсэнгүй. Мөн “HSBC”-ийн орлого тайлант хугацаанд 18.6 тэрбум ам.доллар болж, 4.5 хувиар нэмэгдсэн ч мөн адил шинжээчдийн 18.93 тэрбум ам.долларын таамгаас доогуур гарлаа. Ашгийн өсөлтөд банкны орлого нэмэгдэж, зээлийн алдагдал буурснаас гадна өмнөх оны мөн үед бүртгэгдсэн 1.4 тэрбум ам.долларын хуулийн маргаантай холбоотой зардал арилсан нь голлон нөлөөлжээ.
Зээлийн хүүгийн болон шимтгэлийн орлого өссөн байна “HSBC”-ийн цэвэр хүүгийн орлого гуравдугаар улиралд 9.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин банкны үйл ажиллагаатай холбоотой цэвэр хүүгийн орлого өмнөх оны мөн үеэс 6 хувиар өсөөд буй. Харилцагчийн хадгаламж нэмэгдэж, хүүгийн эрсдэлээс хамгаалах зорилготой хөрөнгө оруулалтаа илүү өндөр өгөөжтэй нөхцөлөөр шинэчилсэн нь хүүгийн орлого өсөхөд эергээр нөлөөлжээ. Мөн байгууллага, институцийн банкны үйлчилгээ болон хөрөнгийн удирдлагын бизнесийн шимтгэлийн орлого нэмэгдэв. Үүний зэрэгцээ банкны үйл ажиллагааны зардал өмнөх оноос 12 хувиар буурч, 8.8 тэрбум ам.доллар болсон байна. Гэхдээ нэг удаагийн онцгой зардлуудыг хасч тооцвол инфляцын нөлөө болон технологийн хөрөнгө оруулалтттай холбоотой зардал өсөлт үзүүлжээ.
Ирэх онуудын өсөлтийн таамаг “HSBC” банкны үйл ажиллагаатай холбоотой цэвэр хүүгийн орлогоо энэ онд багадаа 46 тэрбум ам.долларт хүргэх төлөвөө хэвээр үлдээсэн байна. Мөн нэг удаагийн онцгой үзүүлэлтүүдийг хассан тооцоогоор биет хөрөнгийн дундаж өгөөжөө 2026-2028 онд 17 болон түүнээс дээш хувьд хадгалах зорилтоо дахин баталгаажуулжээ. Тус үзүүлэлт нь банк хувьцаа эзэмшигчдийн биет хөрөнгийг хэр ашигтай ашиглаж байгааг хэмждэг ажээ. Түүнчлэн банк 2028 он хүртэл орлогоо жил бүр тогтвортой нэмэгдүүлж, тухайн онд валютын ханшийн өөрчлөлт болон бусад боломжит нөөөг хассан тооцоогоор орлогоо 2027 оны төлөвөөс 5 хувиар өсгөхийг зорьж байна. Мөн 2026 оны үйл ажиллагааны зардлын өсөлтөө зорилтот тооцоогоор нэг орчим хувьд барихаар төлөвлөжээ. Гэхдээ бизнесийн гүйцэтгэл өндөр байвал ажилтнуудын урамшууллын зардал нэмэгдэх боломжтойг анхааруулсан байна.
Хувьцаагаа эргүүлэн худалдаж авна “HSBC” өмнө зарласан нэг тэрбум ам.долларын хувьцаа эргүүлэн худалдаж авах хөтөлбөрөө хэрэгжүүлж дууссан ч энэ оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа танилцуулахаас өмнө дахин нэг тэрбум ам.долларын хувьцаагаа худалдаж авахаар төлөвлөжээ. Түүнчлэн нэгж хувьцаанд 10 америк центтэй тэнцэх гурав дахь завсрын ногдол ашиг хуваарилахаар баталсан байна. Санхүүгийн тайлангийн дараа Хонконгийн биржид “HSBC”-ийн хувьцааны ханш 2.95 хувиар буурчээ. Үүнээс гадна “Financial Times”-ийн мэдээлснээр тус банк хиймэл оюуны хэрэглээг өргөжүүлэх ажлын хүрээнд Их Британи дахь хөрөнгийн удирдлагын бизнесийн ажлын байрыг олноор цомхотгох асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Холбоотой мэдээ





