Ажлаасаа халагдсан залуу $375-оор эхлүүлсэн оёдлын сургалтаа амжилттай бизнес болгожээ
АНУ-ын Техас штатын Остин хотноо оршин суугч, өдгөө 29 настай Эрик Луго 2025 оны тавдугаар сард "Stitch Lab ATX" оёдлын сургалтын төвөө нэмэлт орлого олох зорилгоор анх үүсгэн байгуулжээ.

АНУ-ын Техас штатын Остин хотноо оршин суугч, өдгөө 29 настай Эрик Луго 2025 оны тавдугаар сард "Stitch Lab ATX" оёдлын сургалтын төвөө нэмэлт орлого олох зорилгоор анх үүсгэн байгуулжээ. Тэрбээр "Facebook Marketplace" сүлжээнээс өмнө нь ашиглаж байсан найман ширхэг оёдлын машиныг 375 ам.доллароор худалдан авч, найзынхаа агуулахад сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
Анх тавдугаар сарын сүүлээр үндсэн ажлаас нь цомхотгоход Эрик Луго оёдлын сургалтаа дагнан эрхлэх шийдвэр гаргажээ. Анхандаа ирц багатай байсан түүний сургалтын эрэлт 2025 оны есдүгээр сараас эхлэн орон нутгийн бизнесүүдтэй хамтрах, "TikTok" сүлжээгээр мэдээлэл хүргэх замаар хурдацтай өссөн байна.
Өдгөө уг лаборатори сардаа 24 орчим сургалт явуулж байгаа бөгөөд нэг удаагийн сургалтад суухын тулд аль сарын өмнөө бүртгүүлэхгүй бол суудал нь дүүрдэг болжээ. Хичээл тус бүр 2.5 цаг үргэлжилдэг бөгөөд төлбөр нь 65-аас 85 ам.долларын хооронд байдаг аж. Сургалтын хөтөлбөрт анхан шатны оёдлын машинаар хувцас оёх заавраас эхлээд цахилгаан хадах ,мөн өмдний шуумаг тайрч оёх, тодорхой гар цүнх хийх зэрэг дунд шатны ур чадвар багтдаг байна.
"Stitch Lab ATX" нь үйл ажиллагаагаа өргөжүүлж, цагийн хоёр багш шинээр ажилд авснаар сард явуулах сургалтын тоог 30 хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм. Мөн цаашид Нью-Йорк, Калифорни болон Мехико хотуудад салбараа нээх зорилт тавин ажиллаж байна.
"Bank of America"-ийн картны гүйлгээний судалгаанаас үзэхэд АНУ-д гар урлал, явган аялал зэрэг хоббид зориулах иргэдийн зардал наймдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар өсчээ. Хэдийгээр жил ирэх тусам бараа, материалын үнэ нэмэгдэж байгаа ч иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх хоббидоо мөнгө зарцуулсаар байгааг энэхүү үзүүлэлт харуулж байна.
Холбоотой мэдээ





