Шатахуун, үйлчилгээний үнэ өсч, хүнсний үнэ өмнөх оноос 20.8%-аар нэмэгджээ
Улаанбаатарт АИ-92 бензиний сарын дундаж үнэ 82 төгрөгөөр, дизель түлшнийх 585 төгрөгөөр нэмэгджээ. Тээврийн бүлгийн үнэ есдүгээр сард өмнөх сараас 3.2% өсчээ.

Есдүгээр сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.6 хувиар өсчээ. Тухайлбал, Улаанбаатарт АИ-92 бензиний сарын дундаж үнэ 2.8 хувь, дизель түлшнийх 14 хувиар нэмэгдсэн бол улсын хэмжээнд тээврийн бүлгийн үнэ 3.2 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ наймдугаар сараас 0.6 хувь, өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар тус тус өсчээ.
Улаанбаатар хотод АИ-92 бензиний нэг литрийн сарын дундаж үнэ наймдугаар сард 2,958 төгрөг байсан бол есдүгээр сард 3,040 төгрөг болжээ. Дизель түлшний үнэ 4,185 төгрөгөөс 4,770 төгрөгт хүрч, литр тутамдаа 585 төгрөгөөр нэмэгдсэн юм.
Харин орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 0.9 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 0.5 хувиар нэмэгдээд байна.
Өрхийн өдөр тутам авдаг зарим үйлчилгээ ч үнэтэй болжээ. Нийслэлд гуанзны хоолны дундаж үнэ 14,662 төгрөгөөс 14,746 төгрөг болсон байна. Эрэгтэй үс засуулах дундаж хөлс 21,757 төгрөгөөс 22,916 төгрөг, эмэгтэй үсний энгийн тайралтынх 29,642 төгрөгөөс 30,886 төгрөгт хүрчээ.
Харин хүнсний бараа, ундаа, усны үнэ наймдугаар сараас 0.8 хувиар буурсан ч жилийн өмнөхөөс 20.8 хувиар өндөр байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүнсний үнэ нэг сарын хугацаанд бага зэрэг буурсан боловч өнгөрсөн жилийнхээс мэдэгдэхүйц үнэтэй хэвээр байна.
Энэ оны хоёрдугаар улиралд нэг өрх сард дунджаар 3.07 сая төгрөгийн мөнгөн зарлага гаргажээ. Үүнээс хүнсэнд 713,662 төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үеэс 90,775 төгрөгөөр нэмэгдсэн дүн байна.
Үнийн өсөлтийн нөгөө талд иргэдийн цалин яригдах ёстой. Гэвч цалингийн өсөлт бүх салбарт адилгүй байна. Есдүгээр сарын улсын дундаж нэрлэсэн цалин 3.01 сая төгрөг болж нэмэгдсэн ч худалдааны салбарын дундаж цалин наймдугаар сарын 2.37 саяас 2.35 сая төгрөг болж буурчээ.
Өрхийн төсөвт үнийн өсөлт бүр өөрийн өртөгтэй. Хүнс, унаа, сарын төлбөрт өгөх мөнгө нэмэгдэх тусам цалингаас үлдэх хэсэг багасаж, хуримтлуулах, хүүхдийнхээ хэрэгцээнд зарцуулах, гэнэтийн зардлаа даах боломж хумигдана. Тиймээс цалин нэмэгдсэний бодит үр дүнг дансанд орсон мөнгөний дүнгээр бус, тэр мөнгөөр амьдралынхаа хэдэн хэрэгцээг хангаж чадаж байгаагаар хэмжих учир орлого нь үнийн өсөлтийг гүйцэхгүй өрхийн хувьд сарын төсвөө тааруулах гэдэг бол юуг авч чадахаа бус, юуг энэ удаа хойшлуулахаа шийдэх сонголт болон хувираад байна.
Холбоотой мэдээ





