Чехэд олон нийтийн радио, телевизийн төсвийг 15 хувиар танах төлөвлөгөөг эсэргүүцэн олон мянган хүн жагсчээ
Санал болгож буй өөрчлөлтийн хүрээнд санхүүжилт ирэх оноос ойролцоогоор 15 хувиар буурах төлөвтэй байна.

Чехийн нийслэл Прага хотноо олон мянган иргэн олон нийтийн радио, телевизийн санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх тухай эрх баригчдын төлөвлөгөөг эсэргүүцэн жагсчээ. Засгийн газрын саналаар одоогийн айл өрхийн хураамжид суурилсан санхүүжилтийг улсын төсвөөс олгодог тогтолцоогоор солиход чиглэж байгаа юм.
Жагсагчид энэхүү өөрчлөлт олон нийтийн радио, телевизийн санхүүгийн бие даасан байдлыг сулруулж, редакцын үйл ажиллагаанд улс төрийн нөлөө нэмэгдэх эрсдэлтэй гэж үзэж байна.
Харин эрх баригчид улсын төсвөөс санхүүжүүлэх нь хөрөнгийн зарцуулалт, санхүүжилтийн зохицуулалтыг илүү ил тод болгох зорилготой гэж тайлбарлажээ.
Санхүүжилт 15 хувиар буурах төлөвтэй байна Чехийн парламентын доод танхим хуулийн төслийг түргэвчилсэн журмаар хэлэлцэхийг бямба гарагийн шөнө дэмжсэн байна. Цаашид нэмэлт хэлэлцүүлэг болон парламентын дээд танхимын шийдвэрээр энэхүү зохицуулалт баталгаажна.
Хуулийн төсөлд олон нийтийн радио, телевизийн санхүүжилтийг айл өрхийн төлдөг хураамжаас улсын төсөвт шилжүүлэхээр тусгаж, төлөвлөгөө хэрэгжвэл ирэх оноос санхүүжилтийн хэмжээ ойролцоогоор 15 хувиар буурахаар байгаа аж.
Санхүүжилтийн эх үүсвэрийг өөрчлөх нь олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төсвийг батлах, хуваарилах үйл явцад нөлөөлөх юм.
Шүүмжлэгчдийн үзэж байгаагаар санхүүжилт улсын төсвөөс шууд хамаардаг болсноор Засгийн газар болон парламентын төсвийн шийдвэр редакцын үйл ажиллагаанд шууд бус нөлөө үзүүлэх эрсдэлтэй.
Харин эрх баригчид санхүүжилтийн шинэ тогтолцоо нь төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлж, олон нийтийн хяналтыг сайжруулна гэсэн байр суурь илэрхийлжээ.
Ажилтнууд арваннэгдүгээр сарын 3-нд ажил хаяхаар төлөвлөжээ Санхүүжилтийн өөрчлөлтийг эсэргүүцсэн жагсаалтай зэрэгцэн сөрөг хүчин хуулийн зохицуулалтыг Үндсэн хуулийн шүүхэд өгөхөөр бэлтгэж байна.
Мөн олон нийтийн радио, телевизийн ажилтнууд арваннэгдүгээр сарын 3-нд ажил хаялт зохион байгуулахаар мэдэгджээ.
Дараагийн эсэргүүцлийн жагсаалыг арваннэгдүгээр сарын 15-нд Прага хотын Летна цэцэрлэгт хүрээлэнд хийхээр товлосон байна.
Олон нийтийн хэвлэл мэдээллийн санхүүжилтийн тогтолцоо нь зөвхөн төсвийн асуудал бус, редакцын хараат бус байдлыг хамгаалах эрх зүйн баталгаатай ч холбоотой.Хуулийн төслийг шөнийн цагаар, сөрөг хүчний хэлэлцэх хугацааг хязгаарлан урагшлуулсан явдал жагсагчдын эсэргүүцлийг нэмэгдүүлсэн байна.
Чехийн олон нийтийн радио, телевизийн санхүүжилтийг улсын төсөвт шилжүүлэх хуулийн төсөл цаашид парламентын хэлэлцүүлгээр хэрхэн өөрчлөгдөх, редакцын хараат бус байдлыг хамгаалах ямар зохицуулалт тусгах нь анхаарлын төвд байна.
Холбоотой мэдээ





