Монгол-Беларусь: Эдийн засгийн бүтэц ялгаатай ч экспортын зах зээлээ төрөлжүүлэх ижил сорилттой тулгарч байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусь улсад төрийн тэргүүний хувьд анхны айлчлалаа хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 24–26-нд Беларусь улсад төрийн айлчлал хийж байна. Энэ нь 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монголын төрийн тэргүүний тус улсад хийж буй анхны айлчлал бөгөөд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн 2024 онд Монголд хийсэн айлчлалын хариу айлчлал болж буйгаараа онцлог.
Айлчлалын хүрээнд хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, машин механизм, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудал анхаарлын төвд байна.
Эдийн засгийн бүтэц юугаараа ялгаатай вэ?
Монгол, Беларусь хоёулаа далайд гарцгүй, гадаад худалдаа, тээвэр логистикийн хувьд хөрш орнуудаасаа хамааралтай боловч эдийн засгийн бүтцээрээ эрс ялгаатай.
Монголын экспортын гол бүтээгдэхүүн нүүрс, зэс, алт зэрэг эрдэс баялаг бол Беларусь машин механизм, бордоо, нефть-химийн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төвлөрдгөөрөө онцлог.
Дэлхийн банкны 2024 оны мэдээллээр Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн 23.8 тэрбум, Беларусийнх 76 тэрбум ам.долларт хүрчээ. Өөрөөр хэлбэл, Беларусийн эдийн засаг Монголынхоос ойролцоогоор 3.2 дахин том гэсэн үг.
Харин хоёр улсын ижил сорилт нь экспортын зах зээлийн төвлөрөл юм. Монголын экспортын дийлэнх хувийг БНХАУ худалдан авдаг бол Беларусь ОХУ-ын зах зээлээс өндөр хамааралтай.
Хамтын ажиллагааны гол боломж нь хөдөө аж ахуй
Монгол Улс бэлчээрийн мал аж ахуй, түүхий эдийн нөөцөөр давуу талтай бол Беларусь эрчимжсэн мал аж ахуй, сүүний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжөөр туршлагатай.
Иймээс хоёр улс трактор угсрах, засвар үйлчилгээний төв байгуулах, өндөр ашиг шимтэй сүүний чиглэлийн үхэр үржүүлэх, мал эмнэлэг болон биотехнологийн салбарт хамтран ажиллах боломжийг хэлэлцэж байна.
Олон улсын харилцаа судлаач, доктор П.Мягмардоржийн үзэж байгаагаар Беларусийн мал эмнэлэг, вакцинжуулалтын туршлага Монголын бүтээгдэхүүнийг Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд гаргахад ач холбогдолтой аж.
Монгол Улс тус холбоотой байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой болсон. Гэхдээ экспорт нэмэгдэх эсэх нь чанар, стандарт, хорио цээр, тээвэр болон төлбөр тооцооны нөхцөлөөс хамаарна.
Нөгөө талаас Беларусийн эсрэг олон улсын хориг арга хэмжээ хүчинтэй хэвээр байгаа нь худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн гүйлгээнд эрсдэл дагуулж байна.
Иймд Монгол Улс гадаад бодлогын сонголтыг нэмэгдүүлэхдээ дипломат баримт бичгээс илүү худалдаа, хөрөнгө оруулалт, хамтарсан төслийн бодит үр дүнд анхаарах шаардлагатайг мэргэжилтнүүд онцолж байна.
Холбоотой мэдээ





