Биотехнологийн салбарын хувьцаанууд өсөлтөөрөө хөрөнгийн зах зээлд цойлж байна
Дэлхийн биотехнологийн салбар эмнэлзүйн туршилтын эерэг үр дүн, хиймэл оюуны дэвшил болон M&A буюу компаниудыг худалдан авах хэлцлүүдийн идэвхжлээр дахин хүчтэй сэргэж байна.

Биотехнологийн салбарын хувьцаанууд энэ онд хөрөнгийн зах зээлийн өсөлт өндөртэй хөрөнгө оруулалтын чиглэлүүдийн нэг болоод байна. Тухайлбал, биотехнологийн компаниудын хувьцааг багтаасан хөрөнгө оруулалтын “iShares Biotechnology ETF” сангийн өгөөж он гарсаар 24 хувиар өссөн бол тус санд багтдаг нийт 233 компанийн 24-ийнх нь хувьцааны ханш даруй хоёр дахин өсчээ. Өсөлтөөрөө тэргүүлж буй компаниудаас жишээ татвал, АНУ-ын биотехнологийн “Moderna” компанийн хувьцааны өсөлт байгаа юм. Хэдийгээр компанийн хувьцааны ханш пүрэв гарагийн арилжаагаар сүүлд хийсэн эмнэлзүйн туршилтын үр дүн нь хөрөнгө оруулагчдын хүлээлтэд хүрээгүйн улмаас 18 хувиар буурсан ч он гарсаар 587 хувийн өсөлт үзүүлсэн хэвээр байгаа юм. Шинжээчдийн үзэж буйгаар биотехнологийн салбарт инновацын шинэ мөчлөг эхэлж буй ба эмнэлзүйн туршилтуудын ахиц, шинэ эмийн зөвшөөрөл, генийн технологи болон хиймэл оюуны хэрэглээ нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмэгдүүлж байгаа аж. “T. Rowe Price Biotechnology ETF” сангийн хөрөнгө оруулалтын менежер Жон Холлын тайлбарласнаар компаниуд өвчний биологийн механизмыг өмнөхөөс илүү сайн ойлголттой болж, хиймэл оюуны тусламжтайгаар шинэ төрлийн эмчилгээг зах зээлд нэвтрүүлэх боломжтой болжээ.
Хавдрын вакцин болон таргалалтын шинэ эмүүд өсөлтийг дэмжиж байна Салбарын хамгийн их анхаарал татаж буй төслүүдийн нэг нь “Moderna” болон “Merck” компаниудын хамтран хөгжүүлж буй арьсны хорт хавдрын эсрэг вакцин юм. Уг эмчилгээ нь mRNA технологи ашиглан өвчтөний хавдрын генетикийн онцлогт тохирсон дархлааны хариу урвал үүсгэх зарчимтай. Гэхдээ энэхүү вакцин нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх ердийн вакцин биш бөгөөд мэс заслаар хавдраа эмчлүүлсэн тохиолдолд хавдар дахин сэдрэхээс сэргийлэх зорилготой юм. Мөн “Merck”-ийн уг вакциныг “Keytruda” эмтэй хавсран хэрэглэхэд хавдар дахин сэдрэх эсвэл нас барах эрсдэлийг 42 хувиар бууруулсан үр дүн гарчээ. Хэдийгээр гуравдугаар шатны туршилтын үр дүн хөрөнгө оруулагчдын хүлээлтээс доогуур гарсан ч хавдар судлаачид уг технологийг хувь хүнд тохирсон эмчилгээний хөгжилд чухал ахиц үзүүлнэ гэж үзэж байна. Хоёр компани уг эмчилгээг 2027 онд АНУ-ын Хүнс, эмийн захиргаанд бүртгүүлж, зах зээлд нэвтрүүлэхээр зорьж байгаа аж. Үүний зэрэгцээ АНУ-ын эм үйлдвэрлэгч “Eli Lilly” компанийн таргалалт болон хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинг эмчлэх зориулалттай туршилтын шатанд явж буй “retatrutide” хэмээх эм нь гурван төрлийн дааврын рецепторт нэгэн зэрэг үйлчилдгээрээ одоогийн GLP-1 төрлийн эмүүдээс ялгаатай аж. “Eli Lilly”-ийн мэдээлснээр тус эмийн эмнэлзүйн туршилтаар өндөр тун хэрэглэсэн хэрэглэгчдийн биеийн жин өмнөхөөсөө 28–30 хувиар буурсан ба эмийг 2027 оны эхний улиралд салбарын зохицуулагч байгууллагад бүртгүүлэхээр төлөвлөсөн байна.
Хиймэл оюун эмийн судалгааны зардлыг бууруулах боломжтой Биотехнологийн өсөлт зөвхөн шинэ эмийн хөгжүүлэлтээр хязгаарлагдахгүй байгаа юм. Тухайлбал, генийн дараалал тогтоох төхөөрөмж, молекулын шинжилгээ, хиймэл оюунд суурилсан судалгааны технологи хөгжүүлэгч компаниудын хувьцааны ханш мөн огцом өсчээ. Ялангуяа ДНХ болон генийн дараалал тогтоох технологи хөгжүүлэгч “Illumina” компанийн хувьцааны ханш оны эхнээс даруй хоёр дахин өссөн байна. Тус компанийн өндөр хүчин чадалтай “NovaSeq X” төхөөрөмжийн эрэлт нэмэгдэж, “Bristol Myers Squibb”, “Merck”, “Kura” зэрэг эм үйлдвэрлэгчтэй хавдрын нарийвчилсан эмчилгээний чиглэлээр хамтран ажиллаж байгаа аж. Мөн лабораторийн судалгааны төхөөрөмж үйлдвэрлэгч “10x Genomics” компанийн хувьцааны ханш 300 гаруй хувиар өсчээ. Компанийн “Atera” платформ нь хиймэл оюуны загваруудыг сургахад шаардлагатай биологийн өгөгдөл боловсруулахад ашиглагдаж байна. “Piper Sandler” хөрөнгө оруулалтын банкны шинжээч Тед Тентхоффын үзэж буйгаар хиймэл оюун болон машин сургалт нь шинэ эмийн молекул илрүүлэх, туршилтын үр дүнг урьдчилан тооцоолох боломжийг өргөжүүлж байна. Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Towards Health” байгууллагын төсөөллөөр эмийн нээлт, хөгжүүлэлтэд ашиглах хиймэл оюуны дэлхийн зах зээл 2025 оны 20 тэрбум ам.доллароос 2035 он гэхэд 160 тэрбум ам.доллар давж өсөх төлөвтэй байна. Эмийн компаниудын худалдан авах хэлцэл $134 тэрбумд хүрчээ Биотехнологийн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжиж буй өөр нэг хүчин зүйл нь томоохон эм үйлдвэрлэгчдийн нэгдэх, худалдан авах хэлцлийн идэвхжил юм. “BTIG” хөрөнгө оруулалтын компанийн шинжээч Жит Мукержигийн мэдээлснээр оны эхний хагаст биофармацевтикийн салбарын нэгдэх, худалдан авах хэлцлийн нийт дүн 134 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны 112 тэрбум ам.доллароос давсан дүн юм. Гэсэн хэдий ч томоохон эм үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд патентын хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүнүүдийнхээ орлогыг нөхөх шаардлагатай тулгарч байна. “RTW Institute”-ийн судалгаагаар 2030 он гэхэд нийт 180 тэрбум ам.долларын орлого бүхий эм, бүтээгдэхүүний онцгой эрхийн хугацаа дуусахаар байна. Иймээс томоохон компаниуд шинэ төрлийн эмийн технологи эзэмшдэг жижиг болон дунд хэмжээний биотехнологийн компаниудыг худалдан авах сонирхол өндөр байгаа аж. Тухайлбал, “Eli Lilly” 2026 онд нийт 25 тэрбум ам.доллар бүхий 10 худалдан авах хэлцэл хийжээ.
Холбоотой мэдээ





