АНУ-ын Ардчилсан нам Конгрессын доод танхимд олонх болох төлөвтэй байна
АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн санал хураалт арваннэгдүгээр сарын 3-нд буюу өнөөдөр болох бөгөөд Төлөөлөгчдийн танхимын 435, Сенатын 100 суудлын 35-ын төлөө өрсөлдөнө.

АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн өмнөх өдөр буюу даваа гарагт нэр дэвшигчид сонгогчдын дэмжлэгийг авах сүүлийн кампанит ажил өрнөлөө. Хэдийгээр Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонх болох боломж өндөр байгаа ч Сенатын хяналтыг авахад илүү хүнд өрсөлдөөнтэй тулгарч байна. Сонгуулийн үр дүн Ерөнхийлөгч Дональд Трампын бүрэн эрхийн үлдсэн хоёр жилийн улс төрийн нөхцөлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой. Хэрэв Бүгд Найрамдах нам Конгрессын аль нэг танхим дахь олонхоо алдвал Трампын санаачилж буй аливаа хууль, тогтоолыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсэх нь мэдээж. Харин Ардчилсан нам Сенатад олонх болбол холбооны шүүхүүд, тэр дундаа Трампын Дээд шүүхэд нэр дэвшүүлсэн хүмүүсийн томилгоо саатах аж. Сонгуулийн өмнөх “Reuters/Ipsos”-ийн санал асуулгад Ардчилсан намыг дэмжигчдийн хувь Бүгд Найрамдах намаас найман хувиар өндөр байна. Мөн даваа гарагийн үдээс хойших байдлаар 57 сая сонгогч урьдчилан саналаа өгсөн нь 2022 оны завсрын сонгуулийн нийт 45 сая урьдчилсан саналаас давсан үзүүлэлт болжээ.
Мичиганы Сенатын өрсөлдөөнд Ардчилсан намын дотоод зөрчил хурцдав Сенатын хяналтыг шийдэх гол мужуудын нэг Мичиганд Ардчилсан намаас нэр дэвшигч Абдул Эль-Сайед, Бүгд Найрамдах намын Майк Рожерс нар өрсөлдөж буй. Эмч, нийгмийн эрүүл мэндийн салбарын албан тушаалтан асан Эль-Сайед ялалт байгуулбал АНУ-ын Сенатад сонгогдсон анхны мусульман шашинтан болох аж. Гэвч Ардчилсан намын урьдчилсан сонгуульд Эль-Сайедэд ялагдсан Конгрессын гишүүн Хейли Стивенс өрсөлдөгч Майк Рожерсыг дэмжихээ зарласнаар намын дотоод зөрчил хурцдаад байгаа юм. Үүний дараа Эль-Сайедийн сонгуулийн штаб арваннэгдүгээр сарын 1-нд 2.4 сая ам.долларын хандив цуглуулснаа мэдээлсэн нь түүний нэг өдрийн кампанит ажлын үеэр цуглуулсан хамгийн их мөнгө болов. Мөн Эль-Сайедийн мусульман шашин, гарал үүслийг нь гадуурхсан, эсэргүүцэж буй хүмүүс сонгуулийн кампанит ажлын маргаантай асуудлуудын нэг болжээ. Ялангуяа Трамп болон Бүгд Найрамдах намын зарим төлөөлөгч түүний АНУ-д үнэнч эсэхэд эргэлзсэн мэдэгдэл хийж, терроризмыг дэмждэг гэх “нотолгоогүй” буруутгаж байна. Харин Эль-Сайед ийм төрлийн мэдэгдлийг “ичгүүртэй” хэмээн няцаажээ.
Калифорнид 20,000 гаруй сонгогчийн саналтай холбоотой маргаанд Трампын засаг захиргаа ялагдлаа АНУ-ын Дээд шүүх арваннэгдүгээр сарын 2-нд Калифорни мужийн 20,000 гаруй бүртгэлтэй сонгогчийн шуудангаар өгсөн саналыг тоолохыг түр хугацаанд хориглох Трампын засаг захиргааны хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ. АНУ-ын Хууль зүйн яам санал хураалтад оролцсон зарим сонгогчийг америкийн “уугуул” иргэн биш байх магадлалтай гэж үзсэн боловч Калифорнийн эрх баригчид үүнийг “алдаатай бөгөөд хууль ёсны сонгогчдын эрхийг зөрчих эрсдэлтэй” хэмээн эсэргүүцсэн байна. Мөн холбооны шүүх Трампын засаг захиргаанаас Калифорнид тавьсан, сэжигтэй гэж үзсэн сонгогчдын саналыг тусгаарлах шаардлагыг хүчингүйд тооцжээ.
Аляскад сонгуулийн дүнг баталгаажуулахтай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов Аляска мужид Бүгд Найрамдах намын одоогийн сенатор Дэн Салливан болон Ардчилсан намын Мэри Пелтола нарын өрсөлдөөнд ижил төстэй нэртэй өөр нэг нэр дэвшигч оролцож байгаа нь маргаан үүсгэжээ. Тодруулбал, тус улсын Хууль зүйн яам сонгогчид одоогийн сенатор Дэн Салливан болон Дэниел Ж. Салливан Жуниорыг хооронд нь андуурах эрсдэлтэй гэж үзэн, одоогийн сенатор ялагдсан тохиолдолд сонгуулийн дүнг баталгаажуулахгүй байх хүсэлт гаргасан байна. Гэвч мужийн холбооны шүүх уг нэхэмжлэлийг арваннэгдүгээр сарын 1-нд хэрэгсэхгүй болгожээ. Сенатор Салливан мөн адил сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөө мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Трамп сонгуулийн өмнөх 32 хоногт 20 мужид кампанит ажил өрнүүлээд буй. Харин санал хураалтын өмнөх сүүлийн томоохон илтгэлдээ тэрбээр улсын цаашдын төлөв байдал, бодлогоос илүүтэй Вашингтон хотын Линкольны дурсгалын цогцолборын усан сангийн засвар, нийслэлийн тохижилтын төслүүдэд голлон анхаарсан байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





