Лондоны загварын долоо хоног өнөөдрөөс эхэлж, шинэ үеийн бүтээлч дизайнеруудыг танилцуулж байна
Нью-Йоркийн дараа загварын салбарын анхаарал Лондонд шилжиж, Их Британийн нийслэл бүтээлч байдал, шинэ дизайнеруудаараа Милан, Парисаас ялгарахыг зорьж байна. Бөөний худалдаа болон олон брэндийн дэлгүүрүүд хумигдсан нь залуу брэндүүдийн өсөх боломжийг хязгаарлаж, хэрэглэгчдэд шууд борлуулах загвар улам чухал болжээ. “Alexander McQueen” Парисаас Лондонд эргэн ирж байгаа бол ашигт ажиллагаагаа сэргээсэн “Burberry” загварын долоо хоногийг хаах нь Британийн брэндүүдийн сэргэлтэд анхаарал татаж байна.

Лондоны загварын долоо хоног өнөөдрөөс эхэлж, Нью-Йоркийн дараа олон улсын худалдан авагчид болон хэвлэлийнхний анхаарал Их Британийн нийслэлд төвлөрч байна. Милан, Парисын томоохон загварын шоунуудын өмнө зохион байгуулагддаг Лондоны загварын долоо хоногийн гол давуу тал нь хэмжээ бус, харин шинэ дизайнер, бүтээлч санааг салбарт гаргаж ирдэг орчин болдогт оршдог.
Тансаг зэрэглэлийн загварын салбарын өнөөгийн хэд хэдэн нөлөө бүхий дизайнер карьераа анх Лондонд эхлүүлжээ. Тухайлбал, “Givenchy”-ийн Сара Бёртон, “Dior”-ийн Жонатан Андерсон, “Hermès”-ийн эрэгтэй хувцасны чиглэлийг хариуцдаг Грейс Уэйлс Боннер нар энд өөрсдийн хэв маяг, бүтээлч чиглэлээ хөгжүүлж байсан.
“British Fashion Council” буюу Британийн загварын зөвлөлийн гүйцэтгэх захирал Лаура Уэйр “Monocle”-д өгсөн ярилцлагадаа “Парисыг тансаг хэрэглээ, Миланыг өв уламжлал тодорхойлдог бол Лондонгийн онцлог нь бүтээлч байдал, инновац” хэмээн тодорхойлжээ.
Залуу дизайнеруудад борлуулалтын шинэ суваг хэрэгтэй болжээ
Энэ удаагийн загварын долоо хоногоор Йоханна Парв, Полин Дюжанкур болон “EWUSIE” зэрэг залуу дизайнерууд анхаарлын төвд байна. Тэд дугуйн спортын хувцаснаас эхлээд Ганагийн соёл хүртэл өөрсдийн хувийн туршлага, соёлын онцлогийг бүтээлдээ тусгажээ.
Гэхдээ бүтээлч байдлаас гадна бизнесээ тогтвортой авч явах асуудал шинэ брэндүүдийн хувьд улам чухал болж байна. Сүүлийн арван жилд бөөний худалдаа болон олон брэндийн жижиглэн худалдааны суваг хумигдсан тул залуу дизайнерууд хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ шууд борлуулах загварт түшиглэх шаардлага нэмэгдэв.
Лаура Уэйрийн хэлснээр бөөний худалдааны бүтцэд гарсан өөрчлөлт загварын брэндүүд бизнесийн цар хүрээгээ тэлэх боломжийг эрс багасгасан байна. Үүний зэрэгцээ Лондон дахь түрээс болон бизнесийн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зардал дизайнеруудын үйл ажиллагааны өртгийг өсгөж буйг тэр онцолжээ.
Британийн загварын зөвлөл залуу дизайнеруудад борлуулалтын өөр сувгийг хөгжүүлэх чиглэлээр зөвлөгөө өгч байгаа бөгөөд студийн зориулалттай бодит орон зай бий болгох “Fashion House” шинэ санаачилгыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
“Alexander McQueen” Лондонд эргэн ирэв
Энэ улирлын онцлох үйл явдлын нэг нь Их Британийн тансаг зэрэглэлийн “Alexander McQueen” брэнд Лондоны тайзнаа эргэн ирж буй. Тус брэнд 2000 оноос хойш коллекцоо Парист танилцуулж ирсэн ч энэ удаа Британийн загварын зөвлөлтэй хамтран Лондонд шоугаа зохион байгуулна.
Сүүлийн улирлуудад Парисын өндөр өрсөлдөөнтэй загварын хуваарьт бусдаас ялгарах нь “Alexander McQueen”-д амаргүй байсан тул Лондонд эргэн ирэх шийдвэр нь брэндийн хувьд ч шинэ боломж болж байна. Ням гарагийн шоуны дараа гадаадын хотуудыг сонгож ирсэн бусад Британийн брэнд Лондон руу буцах эсэх нь салбарын анхаарах сэдэв болно.
Загварын долоо хоногийг даваа гарагийн орой Их Британийн тансаг зэрэглэлийн “Burberry” брэнд хаана. Тус компани тансаг хэрэглээний зах зээл саарсан хоёр жилийн дараа АНУ болон Хятадын борлуулалтын өсөлтийн дэмжлэгтэйгээр тавдугаар сард ашигтай ажиллагаандаа эргэн орсноо мэдээлсэн.
“Burberry” сүүлийн үед тренч цув зэрэг уламжлалт бүтээгдэхүүн, Британийн соёлын танигдах элементүүдийг брэндийн сурталчилгаатайгаа илүү нягт холбож байна. Компанийн сэргэлт үргэлжилбэл Британийн онцлог, өөрийн гэсэн бүтээлч дүр төрхийг бизнесийн өсөлттэй хослуулах боломж байгааг Лондонд төвтэй шинэ болон тогтсон брэндүүдэд харуулах жишээ болох юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.

