“Coca-Cola”-ийн ундаа савлагч компанийн орлого 6.5 хувиар өссөн ч үйлдвэрлэлийн өртөг нэмэгджээ
“Coca-Cola” компанийн ундааг савлаж, түгээдэг “Coca-Cola Europacific Partners” геополитикийн хурцадмал байдлаас үүдэлтэй зардлын өсөлтөд өртөж байгааг анхааруулсан ч жилийн санхүүгийн төлөвөө хэвээр…

Баруун Европ, Австрали, Шинэ Зеланд болон Ази, Номхон далайн зарим зах зээлд “Coca-Cola”-ийн ундааг савлаж, түгээдэг “Coca-Cola Europacific Partners” компанийн орлого гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өсч, 5.76 тэрбум евро буюу 6.45 тэрбум ам.долларт хүрчээ.
Орлогын өсөлтөд борлуулалтын биет хэмжээ 3.5 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Ялангуяа сахаргүй ундаа, эрчим хүчний ундаа болон шингэн нөхөх зориулалттай бүтээгдэхүүний эрэлт өссөн нь борлуулалтыг дэмжжээ. Гэвч компанийн хувьцааны ханш мягмар гарагийн арилжааны эхэнд 2.5 хувиар буурсан байна.
Геополитикийн хурцадмал байдал зардлыг өсгөж байна Ираны дайны улмаас эрчим хүч, түүхий эд, олон улсын тээврийн зардал өсч, дэлхийн бизнесүүдийн үйл ажиллагааны өртөг нэмэгдэж байгааг тус компани анхааруулжээ. Гэхдээ эдгээр хүчин зүйл компанийн үйл ажиллагааны зардлыг яг хэдээр нэмэгдүүлснийг тодорхой мэдээлээгүй байна.
“Coca-Cola Europacific Partners” бүтээгдэхүүний үнэ тогтоох бодлого, зардлын хатуу хяналт болон бүтээмжийн өсөлт нь бизнесийн тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг болж байгааг онцолжээ.
Түүнчлэн 2026 онд шаардлагатай түүхий эдийнхээ 95-аас дээш хувьд үнийн хэлбэлзлээс хамгаалах санхүүгийн арга хэмжээ авсан байна. Ингэснээр түүхий эдийн зах зээлийн ханшийн огцом өөрчлөлтөөс үүсэх эрсдэлийг тодорхой хэмжээнд хязгаарлах боломжтой юм.
2027 оны өсөлтийн боломжид анхаарч байна Зардлын өсөлттэй холбоотой эрсдэл хэвээр байгаа ч компани бүтэн жилийн санхүүгийн төлөвөө өөрчлөөгүй байна.
“Coca-Cola Europacific Partners”-ийн Гүйцэтгэх захирал Дэмиан Гаммелл 2027 онд хэрэглэгчдийн сонирхлыг татах, харилцагчдад бий болгох үнэ цэнийг нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшигчдэд өгөөж бий болгох боломжуудыг ашиглахад бэлтгэлтэй буйгаа мэдэгджээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





