“Ford”-ийн гуравдугаар улирлын үндсэн ашиг 2.7 тэрбум ам.долларт хүрч, шинжээчдийн хүлээлтийг давлаа
АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Ford Motor” компанийн гуравдугаар улирлын хүү, татварын өмнөх тохируулсан ашиг 2.7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс ялимгүй нэмэгджээ.

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Ford Motor” компанийн гуравдугаар улирлын хүү, татварын өмнөх тохируулсан ашиг 2.7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс ялимгүй нэмэгджээ. Тус компани хамгийн их борлуулалттай F-150 загварын пикап автомашины үйлдвэрлэлийн доголдол, түүхий эдийн ханшийн өсөлтийг үл харгалзан шинжээчдийн хүлээлтээс өндөр ашиг тайлагнасан байна. Тайлант хугацаанд компанийн орлого 49.5 тэрбум ам.доллар болсон бол цэвэр ашиг хоёр тэрбум ам.долларт хүрчээ. Мөн нэгж хувьцаанд ногдох тохируулсан ашиг 49 цент болсон нь Лондоны хөрөнгийн бирж группын судалгаанд оролцсон шинжээчдийн 40 центийн таамгаас 22.5 хувиар өндөр үзүүлэлт юм. Үүний зэрэгцээ “Ford” 2026 оны хүү, татварын өмнөх тохируулсан ашгийн төлөвийн доод хязгаараа 500 сая ам.доллароор нэмэгдүүлж, 10.5 тэрбум ам.доллар болголоо. Харин дээд хязгаарыг 11 тэрбум ам.долларт хэвээр үлдээсэн байна. Хэдийгээр ашгийн үзүүлэлт хүлээлтээс давсан ч тайлан гарсны дараах арилжаагаар компанийн хувьцааны ханш 1.5 орчим хувиар буурчээ.
Түүхий эдийн нэмэлт зардал 2.5 тэрбум ам.долларт дөхжээ Ираны дайны улмаас түлш, тээвэрлэлтийн зардал нэмэгдэж, зэс, ган болон хагас дамжуулагчийн ханш өссөн нь “Ford”-ийн үйлдвэрлэлийн өртөгт хүнд тусч байна. Үүнтэй холбоотойгоор компани 2026 оны түүхий эдийн зардлын төлөвөө өмнөх хоёр тэрбум ам.доллароос нэмэгдүүлэн 2.5 орчим тэрбум ам.доллар болгожээ. Ялангуяа дизель түлшний үнийн өсөлт ачаа тээврийн зардлыг нэмэгдүүлж байгаа бол металл болон бусад үйлдвэрлэлийн материалын үнийн өсөлт автомашин үйлдвэрлэгчдийн ашгийг бууруулах эрсдэлтэй байна. Өнгөрсөн долоо хоногт “General Motors” компани гуравдугаар улиралд өндөр ашигтай ажилласан гэдгээ тайлагнасан ч түүхий эдийн зардал цаашид нэмэгдэхийг анхааруулсны дараа хувьцааны ханш нь огцом буурсан юм. Гэсэн хэдий ч “RBC Capital Markets”-ийн шинжээч Том Нараяны үзэж буйгаар автомашины эрэлт тогтвортой байгаа нь үйлдвэрлэгчдэд борлуулалтын үнээ өсгөх боломж олгож байна. “Ford” энэ онд автомашиныхаа борлуулалтын үнийг дунджаар нэг хувиар өснө хэмээн тооцоолжээ.
F-150 загварын үйлдвэрлэл сэргэж байна “Ford”-ийн хамгийн чухал бүтээгдэхүүнүүдийн нэг болох F-150 загварын үйлдвэрлэл сүүлийн хоёр жилд нийлүүлэлтийн хэд хэдэн доголдолд өртсөн. Өнгөрсөн онд Нью-Йорк муж дахь хөнгөн цагааны гол нийлүүлэгч “Novelis”-ийн үйлдвэрт гал гарснаар үйлдвэрлэлд томоохон тасалдал үүссэн бол өнгөрсөн сард өөр нэг нийлүүлэгчтэй холбоотой асуудлаас шалтгаалан F-150 загварын үйлдвэрлэл бараг долоо хоног зогссон юм. Гэсэн хэдий ч “Ford”-ийн санхүү хариуцсан захирал Шерри Хаусын мэдээлснээр “Novelis”-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сэргээхтэй холбоотой гол хүндрэлүүдийг хэдийн шийджээ. Үүний зэрэгцээ компанийн гүйцэтгэх захирал Жим Фарли F-150 загварын борлуулалтын эргэлт ердийн үеийнхээс мэдэгдэхүйц хурдассаныг онцлов. Мөн “Ford” борлуулахад бэлэн автомашины нөөцөө ердийн 80–100 хоногийн түвшнээс 55–60 хоног болгон бууруулах зорилт тавьсан байна. Ингэснээр борлуулалтын эрэлтэд нийцүүлэн үйлдвэрлэлээ удирдаж, илүүдэл нөөц хуримтлуулахгүй байхыг зорьж байгаа юм.
Холбоотой мэдээ





